Шулуун сүнгэнэхгүй ч, таг түгжрэхгүй л бол...
2020-09-23

 

Ажил эхлэх болон тарах цагаар автозам дээр  урт дараалал, түгжрэл үүсч  машинууд цувардаг. Есдүгээр сарын 21-нээс сургууль цэцэрлэг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэвийн ажиллахаар болсон. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотод замын хөдөлгөөн, түгжрэл улам нэмэгджээ. Автозамын түгжрэл нийслэлчүүдийн өдрийн хуваарьт ч зохицуулалт хийлгэж байна. 

 

Өнөөдөр өглөө сүнгэнээд л ирлээ

 

Баянзүрх дүүргийн иргэн Д.Буян:

-"Гачуурт-МУБИС" чиглэлд өглөөний 07 цаг дөхүүлж суугаад 07.30 гээд хотын төвд зогссон. Өнөөдөр өглөө сүнгэнээд л ирсэн. Өмнөх өдрүүдээсээ түгжрэл багатай байлаа. Хагас бүтэн сайн өдрүүдэд таглараад газар хороож өгөхгүй байсан.

 

Өнгөрсөн долоо хоногийнхоос хурдан явлаа

 

Баянзүрх дүүргийн иргэн Х.Пүрэв:

-Шархад-Баруун 4 зам чиглэлд зорчлоо. Олон зогсолгүй шулуун яваад ирсэн. Өнгөрсөн долоо хоногийнхоос хурдан ирэх шиг санагдлаа. Автобусанд зорчих хүний тоо л харьцангуй нэмэгдсэн байна.

 

Замын цагдаа зам зохицуулж байгаа учраас түгжрэхгүй байна лээ

 

Баянгол дүүргийн иргэн Э.Цолмон:

-З, 4-р хороолол-Сансар чиглэлийн автобусаар өглөө ажилдаа явсан.  Зам сул чөлөөтэй үед 20 минутад торох юмгүй явдаг. Ачаалалтай, ажил тарах, цуглах цагаар цаг орчим явдаг. Өнөөдөр 40 минут явлаа. Есдүгээр сар гараад хөдөлгөөн ихэссэн ч нэг их түгжрэхгүй байна. Замын цагдаа зам зохицуулж байгаа учраас түгжрэхгүй байна лээ.

 

"Яармаг, Таван богд, баруун 4 зам"-аар явахад түгжирсэн

 

Хан-Уул дүүргийн иргэн Х.Олонцэцэг:

-Нисэхээс хүнсний 4-р дэлгүүр рүү нэг автобусаар ирлээ. Яармаг, Таван богд, баруун 4 замаар явахад түгжирсэн. Энгийн үед ч гэсэн энэ хэсэгт гацдаг. Урьдынхаас түгжрэл ялимгүй илүү байлаа. Автобус хүлээж удаан зогсоогүй. Уулзвар болгонд шахуу зам зохицуулж харагдсан.

 

Шулуун сүнгэнэхгүй, таг гацахгүй боломжийн л явлаа

 

Баянзүрх дүүргийн иргэн С.Отгонхүү:

-Халдвартаас МУИС орсон. Зүүн 4 замын эргэлт дээр гацсан. Тэрнээс бусдаар шулуун явлаа. Нэг буудал хооронд 5 минут ч хүрэхгүй шахуу. Шулуун сүнгэнэхгүй, таг гацахгүй боломжийн л явлаа.

 

Гурав дамждаг болохоор тэр үү, хоёр цаг явлаа

 

Сонгино хайрхан дүүргийн иргэн Б.Туул:

-21-р хорооллоос Монгол гуравдугаар сургууль орох гэж 2 цаг явлаа. Энэ хүрэх гэж гурав дамждаг болохоор ч тэр үү хоёр цаг явлаа гэж иргэд хэлсэн. Зарим хэсгээр, ялангуяа туслах замаар түгжрэх нь бий.

 

Нийслэлчүүд ийнхүү өглөө ажлын цагтай бус түгжрэхээс уралдан гэрээсээ гарч байна. Ажлын цагийн дараа мөн л түгжрэл хэр байгаа эсэхээс хамаарч харих чиглэлээ сонгож, зарим нь харих замынхаа түгжрэлтэй хэсгээр алхаж, дараагийн зогсоолоос автобусандаа суух зэргээр хувийн зохицуулалт хийж байна. Автотээврийн үндэсний төвийн мэдээлж байгаагаар жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ ягштал мөрдвөл түгжрэл үүсэхгүй гэж үзэж байгаа юм. Ямартай ч хотын автозамаар шулуун сүнгэнэхгүй ч таг түгжирчихгүй л бол болно доо гэж нийслэлчүүд бид тавилантайгаа эвлэрлээд байна даа. 

Э.Үүрийнцолмон 

Shuud.mn
Сонин хачин
сүүний:
манай чиглэл лав түгжрэхгүй байгаа. ботаник хороолол чилэлд зуны цаг шиг л шулуун явжгаа. гэхдээ нисэх нтрээс түгжрээ ихтэй л бгаа бх. ер нь ажлын цагаасаа хоцорно гэдэг хувь хүний зохион байгуулалт шүү дээ алба юм шиг ажлын цагаа тулгаж гарцгаагаад түгжрэл рүү чихдэг хүмүүс бол арай2
2020-09-23
irgen:
soliortsgoogood
2020-09-23
irgen:
tugjrelgui ch geh shig,yu soliortsgood bga yum be.heniihee zalialgaar iim yum bicheed bnaa
2020-09-23
ggg:
түгжрэл ёстой бага байгаашт
2020-09-23