Л.Бадамцэцэг: Хүчирхийлэл үйлдэгчдийн 98 хувь нь хэрэг хүлээх чадвартай байдаг
2020-09-23
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт есөн настай охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан аймшигт хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ямар үйл ажиллагаа явуулж ирсэн талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын  ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэгтэй ярилцлаа.

 

Талийгаач охин цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн мэдээлэл байна. Мэргэжлийн байгууллага аюулын зэргийн үнэлгээ хийж, хүчирхийллийг таслан зогсоох боломжтой байсан биш гэж үү?

 

-Цагдаагийн ерөнхий газарт гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг мэдээллийг баримтжуулах мэдээллийн сан ажилладаг. Үүрэг хүлээсэн байгууллага бие биендээ мэдээлэл өгөөгүй асуудал яригдаж байна. Тухайн тохиолдолд хүүхэд гэмтээд гэмтлийн эмнэлэгт очсон. Гэмтлийн эмнэлэгт нэг цэгийн үйлчилгээ байдаг. БЗД-ийн 23-р хорооноос хүүхэд гэмтээд ирсэн гэдэг мэдээллийг цагдаад өгч, цагдаагийн байгууллага очиж аюулын зэргийн үнэлгээ хийж хүүхдийн байгууллагад нь мэдээлсэн бол магадгүй тухайн үед нь хүчирхийллийг таслан зогсоох боломж байсан. Гэтэл энэ мэдээллийг өгөхгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл дээр ч мөн адил. Эргүүлийн цагдаа нар  гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг аваад тухайн айлд очдог. Аюултай байна гэж үзээд хүчирхийлэл үйлдэгчийг баривчлаад явдаг боловч хохирогч хамгааллын асуудлыг орхиж байгаа. Үүнийг ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэст гэр бүлийн хүчирхийллийн газарт очоод мэдээллээ өгөх хэрэгтэй  нэгдүгээрт, хохирогчийг нийгмийн ажилтанд холбон зуучлах ажил орхигдож байгаа.

 

Хоёрдугаарт, Хүүхэд хамгааллын тухай хуулинд эмнэлгийн байгууллага эмч мэргэжилтнүүд, тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх явцдаа  хүүхэд гэмтсэн бэртсэн, хүчирхийллээс үүдсэн шалтгаан нөхцөлийг мэдсэн бол заавал цагдаагийн байгууллагад мэдээлэх хуулийн заалт, журам хэрэгжихгүй байна.

 

Хамтарсан багийн тухайд шилжин ирсэн, түр амьдарч байгаа гэр бүлүүдийг бүртгэж шинээр ирж байгаа айлуудад гэр бүлийн харилцаа, хүүхдийн боловсролын хүчин зүйлс нь бүрдэж байна уу гэдэгт хэсгийн ахлагч нарыг ажлуулах хэрэгтэй.  Тийм учраас шинээр шилжин ирж байгаа гэр бүлүүдийг бүртгэж, судалгаа мэдээллийг авах  үүрэг нь хамтарсан багт байдаг. Энэ мэдээллийг хэн өгөх вэ гэхээр хэсгийн ахлагч, нийгмийн ажилтандаа өгнө. Нийгмийн ажилтан нь тухайн айлд нөхцөл байдлын үнэлгээ хийгээд   эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах хуулийн боломж нь бүрдсэн.

 

Хүчирхийллийг мэдэж байсан ч хуулийн байгууллагад мэдээлээгүй хүнд ямар хариуцлага  тооцох вэ?

 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд иргэн гэр бүлийн хүчирхийллийг мэдсэн бол мэдээлж болно гэдэг. Заавал мэдээлэх үүрэг хүлээгээгүй. Харин хуулиар заавал мэдээлэх үүргийг сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын багш, ажилчид төрийн байгууллагын ажилчид, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагын ажилтан заавал мэдээлнэ гэж байгаа. Тиймээс иргэнд шууд хариуцлага тооцно гэхээс илүү хүүхдийн амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудалд мэдээлэл хүргэх нь иргэний ёс зүйн үүрэг юм. Ингэж мэдээлж чадвал хүүхдийн амь эрстсэн гэж ярихгүйгээр таслан зогсоох боломж бүрдэж байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч хэрэг хүлээх  чадваргүй гэсэн дүгнэлт гардаг.  Тэгвэл үнэхээр хэрэг хүлээх чадваргүй хүмүүс хүчирхийлэл үйлддэг гэж үү?

 

-Гэр бүлийн хүчирхийллийг үйлдэгдсэн хүмүүсийн үйлдэл эрүүл хүн хийхээргүй харгис хэрцгий үйлдлийг хараад сэтгэцийн өвчтэй байх гэж хүмүүс таамагладаг. Тэгвэл олон улсад хийсэн судалгаа, манай улсад хийсэн судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 98 хувь нь хэрэг хүлээх чадвартай, бусад хүмүүстэй хэвийн харилцаж байгаа, нийгэмд биеэ зөв авч явдаг, ажилдаа амжилт гаргадаг эрүүл хүмүүс байдаг. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шалтгаан нь гэр бүлийн үнэ цэнэ, эхнэр хүүхдээ хайрлах хайр байгаа эсэх эсвэл гэр бүлийн гишүүдээ ямар ч хамаагүй аргаар өөрийн эрхшээлдээ байлгах гэдэг үзэл бодол байна уу гэдэгт асуудал байдаг. Хүчирхийлэл үйлдэгчийг гаднаас хараад танихгүй. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл цоожтой хаалганы цаана зөвхөн гэр бүлийн гишүүд байхад л гэр бүлийн харилцаанд гарч байгаа зөрчил, гэмт хэрэг. Ингээд үзэхээр сэтгэцийн өвчтэй гэж хэлж болохгүй.

 

Хууль ёсны гэр бүл байх нь чухал асуудал. Учир нь гэрлэлтээ батлуулах гэж очиход сэтгэцийн болон бэлгийн замын нийгэмд хор нөлөөтэй өвчин байгаа эсэхэд  шинжилгээ хийлгэж очдог. Тиймээс залуучууд ганц энэ хэрэг биш,  гэр бүлийн асуудалд хариуцлагатай байх ёстой гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.

 

2018 онд Монголын гэр бүлийн өнөөгийн байдал,  үйлчилгээний хэрэгцээ гэх судалгаа хийсэн. Энэ судалгаагаар манай улсад 12 хэв шинжийн гэр бүл байдаг гэдэг нь харагдсан. Эрүүл харилцаатай хэвийн гэр бүлээс эхлээд нутаг орны байршил, хорт зуршил, амьдралын мөчлөг, дахин гэрлэсэн гэр бүл, өрх толгойлсон эцэг эхтэй гэр бүл зэрэг олон хэв  шинжтэй гэр бүл байна.

 

Харахад элэг бүтэн мэт боловч дахин гэр бүл зохиож байгаа гэр бүлүүдийн дунд гэр бүлийн харилцааны зөрчил нилээд харагдаж байгаа. Тиймээс гэр бүлд зөвлөгөө  өгөх төвүүд чухал үүрэгтэй байна. Манай агентлагийн харьяа гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдийг байгуулсан.  Гэр бүлийн  сэтгэлзүйч, нийгмийн ажилтан ажиллаж байгаа. Гэр бүл хоорондоо зөрчилтэй, таарамжгүй заавал зөвлөн туслах хүн хэрэгтэй байна гэж үзвэл гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдэд очиж мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ тухай мэдээллийг хамтарсан багаар дамжуулан хэсгийн ахлагч нарт энэ талын сургалт мэдээллийг өгдөг.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаануудын нэг нь гэр бүл салалт. Он гарсаар хэдэн гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан бэ?

 

-Жилдээ 4500 гэр бүл гэрлэлтээ хууль ёсоор цуцлуулж байна.  Гэхдээ энэ бол хууль ёсоор гэрлэсэн хүний тоо. Хамтран амьдрагч гэсэн гэр бүлийн хэв шинж бий. Тухайн иргэд нь хууль ёсны гэр бүл биш ч хамтран амьдарч хүүхэд, өмчтэй болсон байдаг. Үүнээс үүдэн хууль ёсны бус гэр бүл салахад иргэний маргаан их гардаг. Гэхдээ нийгэмд хойд эцэг эх болгон муу гэдэг ойлголтыг өгмөөргүй байна. Гэр бүлийн асуудалд хариуцлагатай хандах нь зүйтэй.

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин