Э.Батбаяр: 5-6 сая төгрөгийн цалин авдаг шүүгч Монгол Улсад байхгүй
2020-09-22 18:11

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга-хэлэлцүүлгийг зохион байгуулав.

 

 

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр нээж үг хэллээ.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шүүх эрх мэдэлтэй холбоотой зарчмын 2-3 өөрчлөлтийг тусгасан болохыг тэрбээр тэмдэглэн хэлсэн. “Хэлэлцүүлэгт оролцогч бүрийн санал чухал. Гэхдээ бид “шүүх” гэдэг байгууллагын хуулийг хэлэлцээгүй гэдгийг онцолмоор байна. Шүүх эрх мэдэл гэдэг засаглал, ард түмнээс олгогдсон эрх мэдлийн хамгийн чухал хяналт тавих, хариуцлага тооцох институтыг жинхэнэ утгаар нь үр дүнтэй, шударга ажиллуулах талаар хэлэлцэнэ” гэлээ. Хуулийн төслүүдийн хүрээнд асуудлыг цогцоор нь, үйл явцтай нь хамтатган авч үзэх нь оновчтой гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлэв.

 

 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Шүүхийн тухай хуулийг шинэчлэх дөрвөн үндэслэлийг тэрбээр танилцуулсан. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, хоёрдугаарт “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын шинэ баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага тулгарсан байна. Түүнчлэн 2013 оноос хэрэгжиж буй шүүхийн тухай хуулиудын хэрэгжилтийн үр дагаварыг үнэлсэн үнэлгээнүүд болон бусад шалтгаан бий гэлээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны дүрэм, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэгтгэн, төрөлжүүлж тусгасан байна.

 

 

Засгийн газраас боловсруулж, өргөн мэдүүлсэн төслөөр Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй байх, үүний 3-ыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос, 1-ийг Ерөнхийлөгчөөс, 1 гишүүнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, 5 гишүүнийг Шүүгчдийн зөвлөлөөс сонгох, эдгээрийн 5 гишүүн нь орон тооны, үлдсэн 5 нь орон тооны бус гишүүн байх зохицуулалтыг тусгасан байна. Ажлын хэсгийн түвшинд нийт гишүүдийг орон тооны болгох, 5 гишүүнийг Шүүгчдийн зөвлөл сонгох, Улсын Их Хурлаас 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог байх саналыг гаргаад байгааг дуулгав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг дотроосоо, олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэдэг байхаар тусгажээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэрэгжүүлэх чиг үүрэгтэй холбоотой төсөл дэх зохицуулалт болон холбогдох саналуудаа Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан. Шүүгчид нэр дэвшигчээс шалгалт авч, үнэлгээ өгөх, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн тогтоолыг үндэслэн шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчлийг тогтоох, дүгнэлт гаргах эрх бүхий Шүүхийн мэргэшлийн хороо байгуулах, тус хороо нь 9 гишүүнтэй байх асуудлыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын бусад шийтгэл оногдуулах эрх бүхий Шүүхийн сахилгын хороог байгуулах, тус хороо нь 9 гишүүнтэй байх төслийн зохицуулалтыг дэлгэрэнгүй танилцуулав. Үргэлжлүүлэн Х.Нямбаатар сайд төсөл дэх Шүүхийн сахилгын хорооны сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар, тус хорооны дарга, гишүүнд тавигдах шаардлага, тэдгээрийн бүрэн эрх, үүрэг, хориглох зүйлийн талаар танилцуулав. Мөн Сахилгын хорооны ажлын алба болон сахилгын хэргийн оролцогчийн эрх, үүргийн талаар төсөлд тусгай зохицуулалтуудыг тусгасан байна.

 

 

 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх Шүүгчдийн зөвлөлийн талаар, шүүгчид тавих болзол, шаардлагын талаар, шүүгчийг томилох, сонгох зохицуулалтын талаар Х.Нямбаатар сайд дэлгэрэнгүй танилцуулсан. Тухайлбал, анхан болон давж заалдах шатны шүүгчийг сонгохдоо шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ, хуульд заасан шаардлагад нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөл ил санал хураалтаар шийдвэрлэж, энэ шийдвэрээ ажлын 5 өдрийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ, Ерөнхийлөгч 14 хоногийг дотор томилох зохицуулалтыг тусгажээ. Харин хяналтын шатны шүүхийн шүүгчийг шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ, хуульд заасан шаардлагад нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөл ил санал хураалтаар шийдвэрлэж, энэ шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилохоор төсөлд тусгасан байна. Харин Ерөнхий шүүгчийг томилохдоо Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос 6 жилийн хугацаатайгаар Ерөнхийлөгч томилох бол бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс 3 жилийн хугацаагаар, нэг удаа улируулах эрхтэйгээр сонгох зохицуулалтыг төсөлд тусгажээ. 

 

Үргэлжлүүлэн Х.Нямбаатар сайд шүүгчийг томилохоос татгалзах, шүүхийн тогтолцоо, Улсын дээд шүүхийн талаар, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр төсөлд тусгасан зохицуулалтуудыг дэлгэрэнгүй тайлбарласан юм.Төслийн 53 дугаар зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалтыг тусгахдаа хориглох хоёр заалт тусгасан байна. Тодруулбал, өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойших хоёр жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор төсөлд тусгажээ. Мөн шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэжээ. Үргэлжлүүлэн тэрбээр төсөлд дэх бусад онцлог зохицуулалтуудыг танилцуулсан юм. Шүүхийн захиргааны боловсон хүчнийг бэлтгэх асуудалд анхаарал хандуулах шаардлагын талаар Х.Нямбаатар сайд төслийн танилцуулгын үеэр дурдав. Урьд нь "хуулийн дунд" гэдэг байдлаар шүүхийн захиргааны боловсон хүчнийг бэлтгэдэг байсан, одоо бол хуулийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн залуу мэргэжилтнүүд ажилласан жилээ гүйцээх зорилгоор шүүхийн захиргааны албыг залгуулж, үүнийхээ дараа шүүх, прокурор руу шилждэг дамжлагын газар болсныг өөрчлөх зорилгоор салбарын яамнаас тодорхой судалгаа, бэлтгэл ханган ажиллаж байгааг дуулгасан. 

 

 

 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсны дараа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүгчийн сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд танилцуулав. Энэхүү төсөл нь аль нэг байгууллага, хэн нэгний асуудал биш харин шударга ёсны тогтолцоо, Монгол Улсын нийгмийн харилцааны суурийг тогтоох ач холбогдолтой гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлсэн. Ерөнхийлөгч Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Нийгмийн олон талт зөвшилцөл, олон нийтийн оролцоо, институт хоорондын ойлголцлын дүнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэ хүрээнд төслүүдийг боловсруулсан гэдгийг Л.Болд зөвлөх хэлэв.

 

Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд шүүх эрх мэдлийн талаар Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг танилцуулсан. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-т “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” хэмээн өөрчлөлт оруулсан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно”, гэж, мөн зүйлийн 6-д “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж тус тус өөрчлөлт оруулсан юм.

 

 

 

Дараа нь Засгийн газар, Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн харьцуулсан судалгаа, дүгнэлтийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, судлаач О.Мөнхсайхан танилцуулсан юм. Энэхүү судалгааг хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, тэр дундаа 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулгад нийцсэн эсэх, Монгол Улсад тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан эсэх, олон улсын сайн туршлагад нийцэж буй эсэх гэсэн гурван үндсэн шалгуурыг тавьсан гэдгээ танилцуулав.

 

 

Иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх нэн чухал бөгөөд 1992 онд хууль, зөвхөн нотлох баримтад үндэслэн хэн нэгнийг хууль зөрчсөн эсэхийг тогтоодог тогтолцоог бий болгохоор бид зорьсон. Иргэний шударгаар шүүлгэх эрхийг баталгаажуулах нь бидний маш чухал үүрэг хэмээн үзэж буйгаа судлаач О.Мөнхсайхан хэлсэн юм. Бизнес эрхлэгчдээс судалгаа авдаг “Дэлхийн өрсөлдөх чадварын индекс”-т манай шүүхийн хараат бус байдал 2009 онд 130 орноос 120-д байсан бол 2015 онд 140 орноос 102-т, харин 2019 онд 141 орноос 120-д эрэмбэлэгдсэн гэдгийг хэлэв. Энэ нь шүүхийн үйл ажиллагааг оновчтой, шударга, иргэдийн эрх ашгийг хангаж, хамгаалсан болгох шаардлагын илэрхийлэл гэж харж болно гэв. 1992 онд Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчид хууль санаачлах, хориг тавих, Улсын ерөнхий прокурор, орлогч нар, Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн, бүх шатны шүүгч болон Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох зэрэг эрхийг олгосон. Үүний зэрэгцээ Гучингуравдугаар зүйлийн 4-т “Ерөнхийлөгчид “тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэж заасан.

 

Энэ зохицуулалтын хүрээнд 1993 оноос эхлэн Үндсэн хуульд тусгагдаагүй шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх эрхийг, Улсын дээд шүүхээс бусад ерөнхий шүүгчийг томилох, 2002 оноос Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдийг томилох, 2006 онд Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх,  2012 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг томилох эрхийг олгосон бол 2019 оноос Ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-н зөвлөмжөөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг огцруулж, чөлөөлөх зэрэг эрхийг хуулиар олгоод байгааг тэрбээр дурдав. Эдгээр үйл явц нь эрх мэдлийн хяналт-тэнцлийг алдагдуулах суурь болсон, улмаар Ерөнхийлөгч шүүх эрх мэдэлд нөлөөлдөг байх нөхцөлийг бүрдүүлсэн эрсдэлтэй гэлээ. Энэ асуудлыг үе үеийн судалгаануудад яг адил хэлбэрээр дүгнэсэн байдгийг мөн дурдсан. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Гучингуравдугаар зүйлийн 4-ийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” хэмээн өөрчилсөн гэдгийг тайлбарлалаа. 

 

 

Хуулийн 12.4-т “УДШ-ээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг ШЕЗ-ийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно.”, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийн 13.4, 63.3-т заасан Ерөнхийлөгч шүүгчийг чөлөөлөх, огцруулах зохицуулалт, Шүүхийн тухай хуулийн 53.2, 53.4-т заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 1, Шүүхийн сахилгын хорооны 3 гишүүнийг санал болгох Ерөнхийлөгч санал болгох зохицуулалт зэрэг нь Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4-ийг зөрчиж буй талаарх дүгнэлтээ танилцуулсан юм. Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн 78.2, 79 дүгээр зүйл дэх Шүүхийн ерөнхий зөвлөлийн 1, Шүүхийн сахилгын хорооны 1 гишүүнийг томилох зохицуулалт мөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4-ийг зөрчиж байгаа гэлээ.

 

 

Үргэлжлүүлэн тэрбээр Ерөнхий шүүгчид эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн зохицуулалт, тэдгээрийг өөрчлөх талаарх саналууд, хэрэг хуваарилах журмыг хуульчлах, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой төслүүдэд дэх зохицуулалт, энэ талаарх олон улсын сайн жишгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн сахилгын зөрчил, шийтгэл, процессын талаар, Улсын дээд шүүхийн эрх хэмжээг зохист түвшинд байлгах шаардлага, олон улсын сайн туршлага, төслүүд дэх зохицуулалтын талаар харьцуулсан судалгаа, мэдээлэл өгсөн юм.

 

Дараа нь "Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын хангахад тулгамдаж байгаа асуудал" сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцуулав.  Тэрбээр шүүхийн тогтолцоо, хэргийн ачааллын талаар эхлээд танилцууллаа.

 

 

Монгол Улсын хэмжээнд нийт 117 шүүхэд 523 шүүгч шүүн таслах ажлыг хэрэгжүүлж байгаа аж. Шүүгчийн ажиллах нөхцөлөөр хангах, хэрэг, маргааны шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий 42 шүүхийн тамгын газарт нийт 1410 шүүхийн захиргааны ажилтан ажиллаж байгаа юм байна.

 

2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг батлахдаа шүүхийн ажлын ачааллыг тооцоолоогүй, шинэ хуулиудаас шалтгаалан нэмэгдэх шүүхийн ачаалалтай уялдуулан шүүхийн төсөв, цалингийн сан, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны орон тоог  нэмэгдүүлээгүй байна. Иймд өнөөдрийн байдлаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 онд 6,756 хэрэг шийдвэрлэж байсан бол 2019 онд 13,427 хэрэг болж шүүгчийн ачаалал 2.2 дахин, үйл ажиллагааны ачаалал 27.6 хувиар тус тус өсчээ. Энэ нь эрүүгийн хэргийн давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхийн ажлын ачаалалд мөн адил нөлөөлж байгаа аж. БЗД, БГД, ЧД, СХД, ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүгчийн тоо тогтоосон орон тооны хязгаарт хүрсэн тул шинээр орон тоо нэмэх боломжгүй, нэг шүүгчид ногдох ачаалал бусад иргэний хэргийн шүүхээс 100 орчим хэргээр буюу 57.6 хувь илүү ачаалалтай ажиллаж байна. Улсын Их Хурлын 2016 оны 42 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхэд нийт 699 шүүгчийн орон тоог баталсан боловч өнөөдрийн байдлаар нийт 501 шүүгч ажиллаж байгаа бөгөөд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд дутуу байгаа 198 шүүгчийн орон тоог ажлын ачаалал ихтэй шүүхүүдэд үе шаттайгаар тогтмол нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ.

 

 Шүүхийн захиргааны ажилтны ажлын ачаалал их, ажиллах нөхцөл орчин муу, нийгмийн баталгаа хангалтгүй, дундаж цалингийн хэмжээ 616,854 төгрөг байдаг ба шилжилт хөдөлгөөн их, тогтвор суурьшилгүй байдгийг хэлэв. Цаашид орон тоо нэмэгдүүлэх цалингийн санг шүүхийн төсөвт суулгах, ажиллах нөхцөл орчин сайжруулах, шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн баталгааг хангах асуудалд анхаарал хандуулах шаардлага бий гэдгийг танилцуулсан. Энэ дашрамд шүүгчдийн нийгмийн хамгааллын асуудлыг хөндөх шаардлага бий гэв. Шүүгчдийг хамгийн өндөр цалинтай гэдэг мэдээллийг шат шатандаа ярьдаг. Үнэндээ шүүгчийн цалин тийм ч өндөр биш, олон нийтийн ярьдаг шиг 5-6 сая төгрөгийн цалин авдаг шүүгч Монгол Улсад байхгүй гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хэлж, холбогдох тоон мэдээллийг танилцуулав. Шүүгч 1 төрлийн нэмэгдэл авдаг бол бусад хуулийн байгууллагын албан хаагчид 3 төрлийн нэмэгдэл авдаг байна. Тоон мэдээлэлд анхан шатны шүүхэд 1-4 жил ажилласан шүүгч сард дунджаар 2.1 сая төгрөгийн цалин гар дээрээ авдаг бол 25-аас дээш жил ажилласан шүүгч ажилласан жилийн нэмэгдлээ тооцуулснаар дунджаар 3.4 сая төгрөгийн цалин гар дээрээ авдаг гэжээ.

 

 

 

Мөн шүүхий байр, шүүх хуралдааны танхимуудын нөхцөл байдал, автомашины ашиглалт, шүүх байгууллагын техник, тоног төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Монгол Улсад нийт 117 шүүх байдаг ч яг шүүхийн зориулалттай барилга байдаггүй. Зарим шүүх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. 2013 онд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх шүүхийн цогцолбор барилга байгуулах ажил эхэлсэн бөгөөд суурийн байгууламжийг 4.5 тэрбум төгрөгөөр хийсэн. Үүнээс хойш ажил хийгдээгүй бөгөөд энэ барилгын нийт өртөг 32 тэрбум төгрөг, зураг төсөв нь бэлэн байдаг гэв.

 

Үргэлжлүүлэн шүүх хуралдааны танхимуудын нөхцөл байдлыг танилцуулсан. Шүүхүүд зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй, ашиглалтын зай талбай багатай барилгад үйл ажиллагаа явуулж байгаагаас шүүх хуралдааны танхим, зөвлөлдөх тасалгааны тоог нэмэгдүүлэх боломжгүй байдаг байна. Шүүх хуралдааны танхим хүрэлцэхгүйн улмаас хэргийн оролцогчид өмнөх шүүх хуралдаан дуустал хүлээх, шүүх хуралдаан хойшлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах нөхцөл байдлууд нийтлэг үүсдэг гэлээ. Шүүгчид дутагдалтай, бүрэлдэхүүн хүрэлцээгүй байдаг учраас зарим тохиолдолд шүүгч нар "нүүдэллэн" ажиллах, аймаг хооронд сэлгэн ажиллах шаардлага гардаг бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй авто машины улмаас осол гарах гэх зэрэг асуудал гарсаар байгааг анхаарах шаардлага байгааг танилцуулсан. Шүүх байгууллагын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлага бий бөгөөд үйл ажиллагаа цахимжуулах, цаг үеийн хандлагад нийцүүлэн ажиллах бололцоог бүрдүүлэх шаардлагын талаар дурдав. Төгсгөлд тэрбээр шүүхийн эдийн засгийн бие даасан байдлын эрх зүйн баталгааг хангах талаарх саналыг танилцуулав. 

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд, шүүхийн төлөөлөл, Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл, Авилгатай тэмцэх газрын төлөөлөл, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл, судлаачид оролцсон.

 

 

Төслүүдийн танилцуулга, судалгаа, "Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын хангахад тулгамдаж байгаа асуудал" илтгэлийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид санал хэлж, төслүүдтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. 

 

 
 
 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ийм цалинг улсын байгууллагад ажилладаг инженерүүдэд ба компьютерийн мэргэжилтнүүдэд өгье. Эдгээр мэргэжилтнүүд дандаа гадаадад ажиллахаар эх орноосоо явах юм.
2020-09-26
АВДАГ АВИЛГА БАЙХАД ЦАЛИНГҮЙ БАЙСАН Ч ЯАХАВ ДЭЭ
2020-09-24
ard:
5-6 saya tsalintai bish 4999 tsalintai.deerees ni avilga avna.alban tyshaalaa ashiglaj bas bayajina
2020-09-23
irgen:
4-5 saya tsalintai shyygch bgyi 3999 tsalintai bol baigaa gejyy? deerees ni avilga avna
2020-09-23