Европын хоёр дахь давалгаа: Англид хөл хорио хагас жил үргэлжилнэ
2020-09-23

 

Европ даяар цар тахлын хоёр дахь давалгаа эхэлсэн талаарх мэдээлэл гарсаар байна. Тэр дундаа Их Британи улсад нөхцөл байдал улам хүндэрч байгаа тул хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг дахин авч хэрэгжүүлэхээр болжээ. Мягмар гаригт Их Британийн Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ коронавирусийн халдвар өсч байгаагийн улмаас авч хэрэгжүүлж буй шинэ хязгаарлалтын арга хэмжээнүүд дахин хагас жилийн туршид үргэлжилж болзошгүйг анхааруулсан байна. Дэлхий даяар коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо нэг сая руу дөхсөн бол Латин Америкт нөхцөл байдал хүндэрч байгаа аж. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо улмаас 31,4 саяыг давж, үүнээс 21,5 сая хүн эдгэрч, нас барсан хүний тоо 967 мянга гаруй болжээ. 

 

Британид нөхцөл байдал хүндэрч, тус улсын Засгийн газар шинээр хязгаарлалтын арга хэмжээ авах болсон талаар Ерөнхий сайд Борис Жонсон мягмар гаригт парламентын чуулганы үеэр мэдэгдсэн байна. Шинээр тавих хязгаарлалтын арга хэмжээнүүд Англид үйлчлэх бөгөөд харин Шотланд, Уэльс  болон Хойд Ирланд хөл хорионы арга хэмжээгээ өөрсдөө тодорхойлон тогтоох аж. 

 

Борис Жонсоны мэдэгдсэнээр Англид зургаагаас дээш хүн нэг дор цугларахыг хориглосон ч үүнээс хатуу арга хэмжээ авбал бизнест хүнд цохилт болох тул хараахан энэ тал дээр шийд гаргаагүй байгаа гэнэ. Гэхдээ одоо хэрэгжиж буй арга хэмжээнүүд дахин хагас жилийн туршид үйлчилж магадгйү гэдгийг Их Британийн Ерөнхий сайд онцолжээ. 


Сүүлийн үед Британид коронавирусийн халдвар авсан хүний тоо эрс өсч байгаа юм. Ийм байдлаар өссөөр байвал 10 дугаар сар гэхэд тус улсад өдөрт 50 мянган хүн халдвар авч болзошгүй гэдгийг Засгийн газрын шинжлэх ухааны болон анагаах ухааны зөвлөхүүд анхааруулжээ. Түүнчлэн 50-аас доош насны хүмүүсийн дунд халдварын тоо нэмэгдэж байгаа нь "түгшихүйц нөхцөл байдал" гэдгийг эрдэмтэд онцолсон байна. 

 

Шотландчууд айлд зочилж болохгүй 

 

Шотландын оршин суугчдыг айлд зочлохыг түр хугацаанд хориглож байгаа талаар нэгдүгээр сайд Никола Стержен мэдэгдлээ. Өмнө нь энэ хязгаарлалт Глазго болон түүний дагуул хотууд дахь 1,7 сая хүнд үйлчилж байсан бол одоо улс орон даяар хэрэгжинэ гэж Стержен онцолсон байна. 

Түүнчлэн Английн адилаар баасан гаригаас эхлэн уушийн газар болон зоогийн газруудын ажлын цагийн хуваарийг 22:00 цаг хүртэл байхаар зохицуулах аж.


Европын холбооны дээд хэмжээний уулзалт хойшлогдов 

 

Пүрэв гаригт нээлтээ хийх байсан Европын холбооны орнуудын төрийн тэргүүнүүд оролцох хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт хойшлогджээ. Хамгаалагчдын нэгнээс коронавирус илэрсэн тул ийнхүү хойшлуулах шийд гаргасан бөгөөд 10 дугаар сарын нэгний өдөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар болсон байна. 

Европын зөвлөлийн дарга Шарль Мишель энэ долоо хоногийн эхээр коронавирусийн халдвартай хамгаалагчтай ойр харилцсан тул өөрийгөө тусгаарлахаас аргагүй болжээ. Хэдийгээр түүний коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан ч Бельгийн хуулийн дагуу Шарль Мишель өөрийгөө тодорхой хугацаанд тусгаарлах ёстой аж. 

 

Латин Америк ба Оросын вакцин 

 

Латин Америк дэлхийн хамгийн их халдвартай бүс нутаг хэвээр байна. Энд аюулт вирусийн халдвар авсан хүний тоо хэдийнэ 8,7 саяыг давжээ. Мягмар гаригийн байдлаар гэхэд л Мексикт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 700 мянгыг давсан байна.

 

Шинэ төрлийн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн өвчний улмаас Латин Америкийн орнуудад нас барсан хүний тоо 322 мянга болсон бол нийт нас баралтын 20 хувь нь Мексикт ногдож байгаа аж. Латин Америкийн өөр нэгэн улс болох Аргентин өнгөрсөн долоо хоногт халдварын хоногийн өсөлтийн хамгийн дээд хэмжээг бүртгэсэн бөгөөд энд хоногт 13 мянган тохиолдол шинээр илэрчээ. Бразилд ч мөн нөхцөл байдал хүнд байна. Тус улсад дөрвөн сая гаруй хүн халдвар авчээ. 

 

Ийнхүү нөхцөл байдал нэн хүнд байгаа Латин Америк "дэлхийн анхны" гэх тодотголтой Оросын вакциныг туршихаар болсон юм. Тодруулбал, Оросын коронавирусийн "Спутник-V" вакцин нийлүүлэгдэх хоёр бүс нутгийн нэг нь Латин Америк бөгөөд Оросын шууд хөрөнгө оруулалтын сан энэ бүс нутаг руу 100 сая тун вакцин нийлүүлэх юм байна. 

 

Энэ хэмжээний вакцины 50 сая тун нь Бразилын Баия муж руу нийлүүлэгдэх аж. Тус мужийн Эрүүл мэндийн сайд  Фабио Вилас-Боас мэдэгдэл хийхдээ вакцинаас сөрөг нөлөө гарвал Оросын компаниуд хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн онцолжээ. "Эмийн улмаас хортой сөрөг нөлөө илэрвэл хүмүүс эмийн компанийн эсрэг нэхэмжлэл гаргах эрхтэй" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

 

Европ дахь хоёр дахь давалгаа 

 

Испанид өнгөрсөн баасан гаригаас хойш нийтдээ 31 мянга гаруй халдвар шинээр бүртгэгджээ. Энэ улсын эрх баригчид хоёр дахь давалгаа эхэлсэн хэмээн мэдэгдсэн байна. Хамгийн хүнд нөхцөл байдал нь Мадридад байгаа бөгөөд энэ хотод хотын дүүрэг хооронд зорчихыг хязгаарлажээ. 

 

Харин Францын оршин суугчид Итали руу явах үедээ коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай болсон байна. Францын зарим хэсэгт өвчлөлийн тоо эрс нэмэгдэж байгаа тул Итали улс гагцхүү коронавирусийн сөрөг хариу бүхий шинжилгээтэй хүмүүсийг нэвтрүүлэхээр болжээ. 

 

Чех улс "өөрийгөө дахин хүнд нөхцөл байдалд орууллаа" хэмээн тус улсын Ерөнхий сайд Андрей Бабиш мягмар гаригт мэдэгдлээ. Тус улс цагаа олж хязгаарлалтын арга хэмжээ авсны ачаар өвчний тархалтыг хяналтдаа оруулж чадсан ч зун хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцалсан нь том алдаа байсныг Ерөнхий сайд онцолсон байна. 

 

"Би хүртэл зунд сатаарчихлаа. Энэ бол алдаа, үүнийг дахин давтахыг хүсэхгүй байна" хэмээн Андрей Бабиш мэдэгджээ. 

Даваа гаригт Чех улсад 1474 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Арвсан сая гаруй хүн амтай энэ улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 51 637 бүртгэгдсэнээс 26 020 нь эдгэрч, 530 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Сэтгүүлчээ зөв орчуул бас жаахан бод:
Латин Америкт Мексикт гэж бичээд байхын Бразилд юм биш үү? Мексик чинь Өмнөд Америкийн улс шүү дээ.
2020-09-23