НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дахь удаагийн чуулга есдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ. Энэ жил дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас улс орнуудын төрийн тэргүүнүүд чуулганы индэр дээрээс биш харин урьдчилан бичсэн дүрс бичлэгээр үг хэлж байгаа юм. Чуулган дээр үг хэлсэн дэлхийн төрийн тэргүүнүүдийн мэдэгдлийг түүвэрлэн хүргэж байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дахь удаагийн чуулганд хэлсэн үгэндээ коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын хүртээмж, сансарт зэвсэг ашиглахыг хориглох зэрэг олон чухал сэдвийг хөндсөн байна. Владимир Путины мэдэгдэл бүхий дүрс бичлэг 19 минут орчим үргэлжилжээ.
Цар тахлын үр дагавар болон вакцины хүртээмжийн тухай:
Цар тахлын дараа эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд хууль бус хориг арга хэмжээнээс дэлхийн худалдааг цэвэрлэхийг Путин уриалжээ. Дэлхийн эдийн засгийг сэргээхийн тулд ихээхэн цаг хугацаа, өмнө нь хэрэгжүүлж байгаагүй шийд, алхам шаардлагатай болно гэж тэрбээр үзсэн байна.
Мөн В.Путин НҮБ-ын ажилтнуудад зориулан коронавирусээс сэргийлэх Оросын вакциныг үнэ төлбөргүй нийлүүлэх санал тавьжээ. Түүнчлэн ойрын үед коронавирусээс сэргийлэх вакцин бүтээх сэдвээр дээд түвшний олон улсын цахим бага хурал зохион байгуулах санал гаргасны дээр бүхий л орны иргэдэд зориулан коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын хүртээмжтэй байдлыг бий болгохын чухлыг онцолсон байна.
Түүний өгүүлснээр, Оросын вакциныг хилийн чанадад нийлүүлэх тал дээр Орос улс бусад улс орон болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэнэ.
Олон улсын аюулгүй байдлын асуудлаар:
Сансарт зэвсэг байршуулах, түүнчлэн сансрын объектуудын эсрэг хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээр заналхийлэхийг хориглох хууль ёсны хэлэлцээрийг сансрын тэргүүлэгч гүрнүүд хамтран батлахыг В.Путин санал болгожээ.
Түүнчлэн Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээ нь нэн тэргүүнд Орос болон АНУ-д хамааралтай хэмээн Путин мэдэгдээд гэрээний хүчин төгөлдөр хугацаа 2021 оны хоёрдугаар сард дуусна гэдгийг сануулсан байна.
Мөн Орос улс бүс нутгийн хямрал, сөргөлдөөнийг энхийн, улс төр, диппломат аргаар зохицуулах, стратегийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргана гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |