АНУ 2024 онд сар руу сансрын нисгэгчдээ илгээнэ
2020-09-23 11:08

Америкийн НАСА агентлаг сар руу сансрын нисгэгчдийг илгээх хоёр дахь хөтөлбөр болох "Артемида-3" сансрын хөтөлбөрийн талаар мэдээлэл хийснийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

"Артемида-3" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 28 тэрбум ам.доллар шаардагдах бөгөөд экипаж нь эрэгтэй, эмэгтэй хоёр сансрын нисгэгчээс бүрдэх юм байна. Нислэгийг 2024 онд үйлдэхээр төлөвлөж байгаа ч сарны модулийг бүтээхэд шаардлагатай 3,2 тэрбум ам.долларыг Конгресс хэр хурдан дэмжихээс нислэгийн хугацаа хамаарах гэнэ. 

 

1972 онд үйлдэгдсэн нислэгээс хойш анх удаа сарыг зорих сансрын нисгэгчид "Орион" хөлгөөр нисэх бөгөөд техникийн үзүүлэлтээрээ "Аполлон" цувралын капсултай адил гэнэ. "Орион" хөлөг сансар руу алсын нислэг, тэр дундаа Ангараг гараг руу нисэхэд зориулагдсан шинэ үеийн хөлөг юм байна. 

 

"28 тэрбум ам.доллар нь дөрвөн жилийн дотор "Артемида" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулагдах бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлж дууссаны дараа бид саран дээр сансрын нисгэгчдийг буулгах юм. Энэ зардалд пуужин тээвэрлэгч, сарны модуль байгуулах болон скафандрын зардал багтсан" хэмээн НАСА-ийн төлөөлөгч Жим Брайдстайн мэдэгджээ.

 

Тэрбээр эхний ээлжийн 3,2 тэрбумын санхүүжилтийг Конгрессоос нэн яаралтай дэмжүүлэх нь чухал байгааг онцолсон байна. Учир нь энэ хөрөнгө шийдэгдвэл сарнаа буух хөлгийг барих ажлыг 2021 онд эхлэх ёстой гэнэ. Түүнчлэн ирэх онд "Артемида-1" сансрын нисгэгчгүй туршилтын нислэгийг сар руу хийх аж. Энэ нислэг нэг сар үргэлжилж, сансрын хөлгийн зарим гол системүүдийг турших юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин