Л.Мөнхтүшиг: Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын 200 орчим иргэнийг татан авна
2020-09-23

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.23/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ГХЯ-ны  Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг  нарын албаны хүмүүс оролцов.

 

 

 Казахстан улс руу “Хүннү эйр” компанийн тусгай үүргийн онгоц ниснэ

 

ГХЯ-ны  Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-Өнгөрсөн хугацаанд гадаадын 81 улсаас 22191 иргэнийг татан авсан байна. Энэ хугацаанд нийт 76 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 15685 иргэнийг, ОХУ-аас 2320, БНХАУ-аас 4176 иргэнийг буюу нийт авто замаар 6496 иргэнийг эх оронд нь авчраад байгаа.  Тусгай үүргийн нислэгээр ирсэн 15685 иргэнийг УОК-оос тавьж байгаа таван шалгуур болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар ангилан авч үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл 2659, эрүүл мэндийн шалтгаантай 1728, хөгжлийн бэрхшээлтэй 344, өндөр настан 1312, жирэмсэн эмэгтэй 586, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 9056 иргэн байна. Энэ сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгүүд төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа.

 

Засгийн газрын тэтгэлгээр Унгар улсын их, дээд сургуульд суралцах 120 гаруй монгол оюутнуудын асуудлуудыг өнөөдөр хийгдэж байгаа нислэгээр шийдэж байгаа. Энэ удаагийн нислэг хийгдсэнээр Монгол Улс Унгар улсын хооронд зорчигч тээврийн хамгийн анхны нислэг үйлдэж байгаа гэдгээрээ онцлог. Есдүгээр сарын 28-ны өдөр Казахстан улс руу “Хүннү эйр” компанийн тусгай үүргийн онгоц нисэхээр шийдвэрлэсэн. Тус нислэгээр ирэх иргэдийн мэдээллийг авч бэлтгэл ажил хийгдээд явж байна.

 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын төрийн болон төрийн бус байгууллагууд аж ахуйн нэгжүүд  буюу монголд байнга оршин суух эрхтэй гадаадын иргэд өнгөрсөн хугацаанд  манай улсад ирэх хүсэлтийг удаа дараа тавьж байгаа.  Энэ хүсэлтийг харгалзан үзээд Сөүл хот руу нэг удаагийн нислэг үйлдэж зөвхөн гадаад иргэдийн авчрах ажлыг зохион байгуулж байсан.  Энэ сарын 29-нд гадаадын 200 орчим  иргэнийг тусгай үүргийн нислэгээр авчрахаар шийдвэр гарч бэлтгэл ажлыг хангаад явж байна. Эдгээр иргэд Монгол Улсад байнга оршин суудаг, ажиллаж, амьдардаг иргэд гэдгийг хэлье. Эдгээр иргэдийг Рамада, Новотел зочид буудалд тусгай үнээр тусгаарлах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тиймээс монгол иргэдийн тусгаарлах байранд нөлөөлөхгүй.

 

Аравдугаар сард БНСУ-руу долоон удаагийн нислэг үйлдэнэ

 

Аравдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийг батлуулсан. Урьдчилсан хуваарийг танилцуулж байна. Урьдчилсан хуваарийг иргэдийн хүсэлт тоон дээр тулгуурлаж гаргасан. Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй байгаа 10400 орчим иргэн байгаа. Гэхдээ энэ мэдээллийг дахин нягталж байна. Учир нь зарим иргэд  нутаг буцах хүсэлтээ хойшлуулж байгаа тохиолдол байна.

 

Ирэх хүсэлтээ гаргасан  10400 иргэнээс 5200 орчим иргэн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй байгаа учраас энэ хүсэлтийг харгалзаад аравдугаар сард Сөүл хот руу долоон удаагийн нислэг үйлдэх урьдчилсан шийдвэр гарсан.

 

  • Аравдугаар сарын 05-нд Нурсултан
  • Аравдугаар сарын 08-нд Сөүл
  • Аравдугаар сарын 10-нд Токио
  • Аравдугаар сарын 12-нд Сөүл
  • Аравдугаар сарын 16-нд Сөүл /транзит/
  • Аравдугаар сарын 17-нд Сөүл
  • Аравдугаар сарын 18-нд Сөүл
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл
  • Аравдугаар сарын 23-нд Франкфурт руу тус тус   нислэг үйлдэнэ.

Аравдугаар сарын ...-нд Сиатл хот руу дахин нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа. 

 

Албан ёсны гэр бүлийн баталгаатай 54 иргэн хүүхдүүдийн хамтаар БНХАУ-д оршин суух виз зөвшөөрлөө авлаа

 

Өнгөрсөн хугацаанд ГХЯ-нд гадаад руу зорчих хүсэлтэй иргэдийн зүгээс олон өргөдөл гаргаж байгаа. Холимог гэр бүлтэй Монгол Улсын иргэд БНХАУ-руу зорчих асуудал долдугаар сараас эхлэн эрчимтэй тавигдаж байсан. БНХАУ-ын талтай яриа хэлэлцээр хийж сарын дараа тодорхой үр дүн гарч байна. Тухайлбал, албан ёсны гэр бүлийн баталгаатай 54 иргэн хүүхдүүдийн хамтаар БНХАУ-д оршин суух виз зөвшөөрлөө авлаа. Нийт 98 иргэн байна. Эдгээр иргэдийг ойрын хугацаанд хил нээж Замын-Үүд, Эрээн боомтоор нэвтрүүлэх товыг тогтоохоор ажиллаж байгаа. Мөн өөр иргэдийн асуудал байгаа. Эдгээрийг мөн шийдвэрлэнэ гэдгийг БНХАУ-ын тал албан ёсоор мэдэгдсэн.

 

 Япон улсад удаан хугацаагаар байх, суралцах иргэдэд виз олгож эхэлнэ

 

Япон улсын их дээд сургуульд суралцах, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй  400 гаруй иргэдийн хүсэлтийг хүлээж аваад байна. Япон улсын талтай яриа хэлэлцээр хийж тодорхой ахиц гарч байна. Тухайлбал, Япон улсын Засгийн газар өнөөдрийн дэлхийн 159 улстай хилээ хаасан байгаа. Гэхдээ тодорхой улс орнуудад аравдугаар сараас эхлэн Япон улсад удаан хугацаагаар байх, суралцах иргэдэд виз олгож эхэлнэ гэсэн таатай мэдээллийг ирүүлсэн.

 

Тиймээс аравдугаар сарын 10-нд Токио хот руу үйлдэх тусгай үүргийн нислэгээр Япон улсад суралцах, ажиллах иргэдэд зорчих боломж олгохоор Япон улсын талтай ярилцаж ажиллана.

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Sda nar shu ed nar
2020-09-23
Mongolchuudaa tataj avj duusaad tegej khutsaach aa
2020-09-23