НҮБ-ын Ерөнхий ассамблей: Мүн Жэ Ин БНАСАУ-тай албан ёсоор дайн дуусгахыг хүсэв
2020-09-23 12:40

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дахь удаагийн чуулга есдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ. Энэ жил дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас улс орнуудын төрийн тэргүүнүүд чуулганы индэр дээрээс биш харин урьдчилан бичсэн дүрс бичлэгээр үг хэлж байгаа юм. Чуулган дээр үг хэлсэн дэлхийн төрийн тэргүүнүүдийн мэдэгдлийг түүвэрлэн хүргэж байна. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгосын дайныг албан ёсоор дуусгах шаардлагатай байгаа талаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр санууллаа. Тэрбээр БНАСАУ-тай дайны байдлыг зогсоох тунхаг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг НҮБ-аас хүссэн байна.

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр дайн зогсоо тухай тунхаг нь Солонгосын хойгт байнгын энх тайвныг тогтоох, бүрэн цөмийн зэвсэггүй болгох замыг нээх гэнэ. Тэрбээр өмнө нь 2018 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ дайныг албан ёсоор дуусгахын чухлыг онцолж байсан юм.

 

Энд дуулгахад, Солонгосын дайн нь Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хоорондын зэвсэгт сөргөлдөөн юм. Энэ дайн 1950 оны зургадугаар сарын 25-ны өдөр эхэлж, 1953 он хүртэл үргэлжилсэн. Гэхдээ дайн албан ёсоор дуусаагүй бөгөөд 1953 лны долдугаар сарын 27-ны өдөр Пханмунжом хилийн боомт дээр байгуулсан гал зогсоох хэлэлцээр л үйлчилдэг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин