"Эерэг Монгол" чуулган өнөөдөр эхэллээ
2020-09-23 13:20

 

 

Тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон нийгэмд үйлчилдэг байгууллагуудын төлөөлөл хооронд мэдлэг, туршлагаа солилцон, хамтран ажиллах зорилготой “ЭЕРЭГ МОНГОЛ” чуулганыг “JCI Монгол” ТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

 

 

Тус чуулганыг Монгол дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монгол дахь Ротари клуб хамтран зохион байгуулж чуулганд 100 орчим байгууллагын 200 гаруй төлөөлөгч оролцлоо.

 

2019 онд “ЭЕРЭГ МОНГОЛ” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулган нэрээр зохион байгуулагдаж байсан бол энэ жил “ЭЕРЭГ МОНГОЛ нийгэмд үйлчилдэг байгууллагуудын оролцооны чуулган хэмээн нэрээ багахан өөрчилж,  хэлэлцүүлэх сэдвийн онцлогийг тусгасан байна.

 

Энэ жилийн чуулган нь “Тогтвортой хөгжлийн зорилгыг Монголд хэрэгжүүлэх” нэгдсэн зорилгын дор “Бизнесийн оролцоо”, “Иргэдийн оролцоо”, “Нийгэмд үйлчилдэг байгууллагуудын оролцоо”, “Хамтын ажиллагааг бий болгох нь” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж холбогдох салбаруудын гарц гаргалгаа шийдлийг ярилцлаа.

 

Тухайн салбартаа манлайлагч, нийгэм, олон нийтэд танигдсан хувь хүн, байгууллагуудыг чуулганы хэлэлцүүлэгт урин оролцуулахыг гарц гаргалаа шийдлүүдийг мөн тулгамдаж буй асуудлыг хэлэлцжээ. Тус хэлэлцүүлгийг цахим хэлбэрээри “эерэг монгол” чуулган фэйсбүүк хуудаснаас үзэх боломжтой юм байна.  

 

“Хүн төрөлхтөний гэрийн даалгавар” хэмээн “хочлогдоод” буй “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар улс орны тэргүүнүүдийн баталсан нийгэм, эдийн засаг, байгаль орчин зэрэг гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг бөгөөд 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлттэй юм.  (Дэлгэрүүлэн унших бол http://sdg.1212.mn/Home/Index )

 

Залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, залуучуудын нийгмийн оролцоо, хариуцлага, ёс суртахуун, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, их хотын соёлыг түгээх, хорт зуршил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал нөлөө үзүүлж байгаа талаар чуулганд оролцогчид хэлж байлаа.

 

“ЭЕРЭГ МОНГОЛ” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын оролцооны чуулганыг 2020 оны 09 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд телевизүүдээр цацагдах ба энэхүү эерэг санаачлагыг дэмжин олон нийтэд хүргэхээ мэдэгдсэн ТВ9, 25 дугаар суваг телевиз, VTV болон Боловсрол суваг телевизүүдээр гарах аж.

 

Олон улсын идэвхитэй залуусын нэгдэл болсон JCI Монгол ТББ-аас санаачлан зохион байгуулж байгаа тус чуулган нь энэ удаад дэлхий даяар тархаад буй цар тахал болох “Ковид-19” өвчлөлөөс шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлог болох аж.

Shuud.mn
Сонин хачин