Беларусийн эсэргүүцэл: Лукашенко "нууцаар" тангараг өргөж, жагсаал үргэлжлэв
2020-09-24

Есдүгээр сарын 23-ны өдөр Беларусийн нийслэл Минск хотноо Александр Лукашенко Ерөнхийлөгчийн тангара өргөх "нууц" ёслол болж өнгөрчээ. Энэ талаар Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Хуулинд зааснаар, тангараг өргөх ёслолын ажиллагаа 10 дугаар сарын еснөөс өмнө болох ёстой байсан бөгөөд энэ ёслолын талаар урьдчилж мэдэгдээгүй, ёслол ид дундаа орсон үед л мэдээлэл цацагджээ. 

МК агентлагийн мэдээлснээр арга хэмжээг урьдчилан зарлаагүй бөгөөд ёслолд уригдсан зочид тэднийг Тусгаар тогтнолын ордон руу аваачиж байгаагийн учрыг огт олоогүй байсан гэнэ. Зочдыг "нам байгуулна" гэж тайлбарлан, анхлаад музейд цуглуулсан талаар ёслолд уригдсан Беларусийн дуучин Валентина Груздева МК агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. 

 

"Тангараг өргөх ёслолын өмнө нилээн орой хүн залгаад, есдүгээр сарын 23-нд биднийг Агуу их эх орны дайны музейд ямар нэг протоколын арга хэмжээнд очих ёстой гэж хэлсэн. Ёслолын хувцастай байхыг сануулаад, үсээ янзалж, будалт хийхийг зөвлөсөн, зураг авна гэж хэлж байлаа" хэмээн Валентина Груздева өгүүлжээ. 

 

Түүний өгүүлснээр улс оронд үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхийн дээр ямар нам байгуулах талаар ярилцана гэж утсаар ярьсан хүн хэлжээ. Улмаар хэлсэн газар болох музейд очиход кино, театрын жүжигчид, шоу бизнесийнхэн болон соёл урлагийн төлөөлөгчид цугласан байсан гэнэ. Улмаар Соёлын сайд гарч ирэнтэднийг цугласанд талархал илэрхийлээд, тэдэнд тавих санал байгааг дуулгасныхаа дараа автобусанд суухыг хүссэн гэнэ. Мөн тухайн үедээ тэднийг Тусгаар тогтнолын ордонд "бяцхан гэнэтийн бэлэг" хүлээж байгаа хэмээн хэлсэн аж.

 

Ингээд зочдыг автобусаар ордон руу очих үед ордны гадаа олон нийт цуглан, жагсаал хийж байжээ.Валентина Груздевагийн өгүүлснээр тангараг өргөх ёслолын ажиллагаанд 700 орчим хүн цугласан байсан гэнэ. Зочдын дунд Оросын элчин сайд, тэргүүлэгч улс төрчид, алдартай сэтгүүлчид цугласан байжээ. 

 

 Энэ үйл явдлын дараа Беларусийн төрийн мэдээллийн агентлаг "Александ Лукашенко Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсон" хэмээн мэдээлсэн байна. Түүний тангараг өргөх ёслол болох тухай мэдээлэл өмнө нь огт гараагүй бөгөөд гагцхүү ёслолыг бэлтгэх ажил зохион байгуулагдана гэсэн мэдээлэл л гарч байжээ. Ийнхүү Лукашенко сонгуулийн үр дүнгээс үүдэлтэй эсэргүүцэл өрнөж байх үед нууцаар тангараг өргөх ёслолоо хийсэн нь беларусьчуудын дургүйцлийг төрүүлж, олон нийт Тусгаар тогтнолын ордны гадаа жагсан, тэднийг тараахаар ус шүршигч ашигласан байна. 

 

155 хүн баривчлагджээ 

 Лукашенког нууца ар тангараг өргөсөнд эгдүүцсэн олон Минск даяар эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ. Улмаар Ерөнхийлөгчийн ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн хүмүүсийг тараахаар ус шүршигч машин ашигласны дээр иргэдийг олноор нь баривчилсан байна. 

 

Беларусийн Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Интерфакс агентлагт мэдээлэл өгөхдөө, эсэргүүцлийн үеэр жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөж, улмаар "хэдэн арван хүн " баривчлагдсан хэмээсэн байна. Харин "Весна" хүний эрхийн төвийн мэдээлснээр есдүгээр сарын 23-ны өдөр 155 хүн баривчлагдсан гэх бөгөөд тэдний ихэнх нь Минск хотоос саатуулагдсан, зарим нь тэр оройдоо суллагдсан гэнэ. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр, жагсаалыг тараахаар цагдаагийн тусгай хүчин тусгай техник ашигласан байна. Мөн Минскийн урд хэсэгт болсон жагсаалын үеэр хоёронтоо буун дуу гарсан бөгөөд энэ чимээнээр хүмүүс зугатжээ.  

 

Беларусийн TUT.by сайтын мэдээлснээр, Минск хотын гудамжуудын замын зорчих хэсгийн дагуу хүчнийхэн олноор зогсож, машинуудыг хянан, хөдөлгөөн саатаж, түгжрэл үүсчээ. Энэ үеэр олон хүн цонхоороо шагайн "Гутамшиг" хэмээн хашгирч байсан гэнэ.  

 

Лукашенког хүлээн зөвшөөрсөн бол зөвшөөрөөгүй орнууд 

 Наймдугаар сарын есний өдөр болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийг тус улсын сөрөг хүчин болон түүний дэмжигчид эсэргүүцэж, өнөөг хүртэл эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсаар байгаа юм. Тэдний эсэргүүцлийг барууны орнууд ч дэмжиж,  Александр Лукашенког хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэхгүй гэдгээ хэдийнэ илэрхийлсэн.

 

 Лукашенког хүлээн зөвшөөрөөгүй орнууд нь Европын холбоо, АНУ, Герман, Украин,Литва, Латви, Эстони, Словаки, Чехи, Ирланд, Канад, Их Британи, Дани, Польш улс юм.

 

Хэдийгээр олон орон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль болон Лукашенког хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэхгүй байгаа ч сонгууль өндөрлөсний дараахан Лукашенкод баяр хүргэсэн улс орнууд олон бий. Эдгээр орнуудын ихэнх нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнууд байгаа юм. 

 

Александр Лукашенкод ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн орнуудад ОХУ,  БНХАУ, Турк, Казахстан, Азербайжан, Армени,Кыргызстан, Молдов, Тажикистан, Узбекистан, Сири, Никарагуа, Венесуэл, Вьетнам улс багтаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Shudarga hun:
iim bla bla gesen tarhi ugaaltand itgehgui eee shuudiihaan yadahnaa cnn geed shaachihgui
2020-09-24
Mongold iim saihan, oorsdiinhoo toloo tentsel jagsaal hurdan boloodoi.tegvel bid ene MAH-iin daranguillaas garch, hujaad elegtei novshuudiig eh ornoosoo zailuulah bno.
2020-09-24
дандаа таарсан таар шуудайнууд нь хүлээн зөвшөөрсөн бна
2020-09-24
Ard tumneesee urvaj nuugdsan humsaa nuusan hulgaich muuriig tsaazaar avaachval taarna. Yun tangarag orgoh... Zail aa.
2020-09-24