Хяналт шалгалтаар 260 зөрчил, дутагдал илрүүлжээ

Онцгой байдлын ерөнхий газар, Тээврийн Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шатахуун импортлогч компаниудын шатахуун тээвэрлэгч автоцистерн, /35.000л-48.000л эзлэхүүнтэй/, хувийн хэвшлийн бага оврын автоцистерн /3000л-7500л эзлэхүүнтэй/ зэрэг автоцистернд хяналт, шалгалтыг зохион байгуулжээ.
Шалгалтад “НИК”, “Сод Монгол Групп”, “Петровис”, “Хөрс Автосервис” “Тэс-Петролиум” болон “Магнай Трейд ХХК-ийн нийт 65 автоцистерныг хамруулж, 260 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна. Хяналт, шалгалтын явцад 53 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг хангуулан ажилласан байна.
Мөн Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын шаардлагыг ноцтой зөрчсөн 18 иргэн, 5 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 12.3 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авчээ.
Түүнчлэн тухайн байгууллагын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, шатахуун тээвэрлэгч автоцистерний жолооч нарт галын аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг олгох, аюулгүй байдлыг хангуулж, заавар зөвлөмж өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ