Эрдэмтэд: Видео тоглоом хүүхдүүдийн ой тогтоолтыг сайжруулдаг
2020-09-24 10:32

Видео тоглоом хүүхдүүдийн ой тогтоолтыг сайжруулдаг гэж Испанийн эрдэмтэд мэдэгджээ. Тэдний өгүүлснээр, энэ өөрчлөлт насанд хүрч, тоглоом тоглохоо больсон хойно ч хадгалагдаж байдаг гэнэ.

 

Каталонийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа Frontiers in Human Neuroscience шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ. Судалгаанд өгүүлснээр, эцэг эхчүүд видео тоглоом хүүхдэд хортой гэж үздэг ч ашигтай тал байдаг аж. Өмнө нь гарч байсан судалгаануудаар энэ төрлийн тоглоомууд нь анхаарал, хараа орон зайн дадлуудыг хариуцах тархины хэсгүүдийг идэвхжүүлдэг, тархины бүтцийн өөрчлөлтийг дэмждэг гэдэг нь тогтоогдож байсан юм. 

 

Харин Испанийн эрдэмтэд шинэ судалгаагаараа видео тоглоом хүүхдийн тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг тогтоохоор зорьжээ. Эрдэмтэд 18-40 насны 27 хүнийг судалгаанд хамруулсан байна. Тэдний нэг хээг нь өсвөр насандаа видео тоглоом ихээр тоглодог байсан бол үлдсэн хэсэг нь ийм тоглоомоос хол байсан гэнэ. Улмаар эрдэмтэд сарын туршид туршилтад оролцогчдын когнитив дадлууд, тэр дундаа шууд боловсруулах боломжтой мэдээллийг түр хугацаанд хадгалдаг ажлын ой тогтоолтыг судалжээ. Туршилтад оролцогчдод цаасан дээрх цэгүүдийг холбох, шүдэнзээр хийсэн даалгавруудыг гүйцэтгэх, аливаа дүрсийг төсөөлөх даалгавар өгч эдгээр даалгавруудыг гүйцэтгэх хурд болон оновчтой байдлыг хэмжсэн байна.

 

Эхний тестүүдийн дараа туршилтад оролцогчид 10 өдрийн туршид өдөрт цаг хагасын хугацаанд  Nintendo Super Mario 64 тоглоом тоглох ёстой байжээ. Өөр олон аргыг туршилтын явцад ашигласан ч чухамхүү видео тоглоом тархины хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг эрдэмтэд тогтоосон байна. 

 

"Өсвөр нас хүртлээ видео тоглоом их тоглодог байсан хүмүүс тоглоомоо орхисон ч гэсэн ажлын ой тогтоолтыг ажиллуулах даалгавруудыг сайн гүйцэтгэж байсан. Эдгээр даалгаврууд нь үр дүн гаргахын тулд төвлөрч, мэдээллийг удирдах чадварыг шаардаж байсан юм" хэмээн судалгаа хийсэн эрдэмтдийн нэг Марк Палаус мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, өмнө нь Оксфордын сэтгэл судлаачид видео тоглоом хүүхдүүдийг хэрцгий болгодоггүй гэдгийг тогтоож байлаа. Тэд судалгаандаа 14-15 насны 1000 хүүхдийг оролцуулжээ. Байлдаан, хүчирхийлэлтэй тоглоомыг хөвгүүдийн 2/3 нь таашаасан бол охидын тал хувь нь ийм тоглоом таалагдсан гэж хариулсан байна. Үүний зэрэгцээ өсвөр насныхан болон тэдний эцэг эхчүүд хүүхдүүд ийм тоглоом тоглосноор түрэмгий зан авир нэмэгдсэн шинж тэмдэг ажиглаагүй байна. Өсвөр насныхан тоглоом тоглох үеэрээ эсвэл тоглож дууссаны дараа цочир уурлах үе байх  ч гэлээ энэ нь өрсөлдөөнт тоглоомын хувьд энгийн л зан байдал гэж судлаачид онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин