LA Times: Өвөр Монгол дахь баривчлагдах, ажлаа алдах, мөшгүүлэх аюул
2020-09-24

Өвөр Монголд өрнөж буй хэл бичгийн төлөөх тэмцлийг гадаадын улс орнуудын хэвлэл мэдээлсээр байна. Энэ удаад "Лос Анжелес Таймс" сонин Өвөр Монголын нэгэн малчинтай холбогдож авсан мэдээлэл дээрээ тулгуурлан "Баривчлагдах, ажлаа алдах, мөрдөгдөх аюул" нэртэй нийтлэл гаргажээ. Нийтлэлээс түүвэрлэн хүргэж байна. 

 

Малчин удаан ярьж чадсангүй. Түүнийг тойрсон бусад монголчуудын утасны яриаг чагнаж байсантай адилаар өөрийнх нь утсыг чагнаж байгаа гэнэ. "Бидэнд гарах гарц байхгүй. Бид юу ч хийж чадахгүй нь" гэж Хятадын Өвөр Монголын Өөртөө засах орны Шилийн гол аймгийн малчин Ганбаатар ярив. Энэ нутагт гурван долоо хоногийн өмнө монгол хэлийг сольж "хос хэлний боловсрол"-ын шинэ хөтөлбөрийг Хятадын засгийн газар нэвтрүүлсэнийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэл дэгдсэн юм. 

 

Хөтөлбөрийг эсэргүүцсэн арга хэмжээний ихэнх нь дарагдсан бололтой. Шилийн гол аймгийн хүүхдүүдийн 90 хувь нь сургуульдаа эргэн орсон, өөрийнх нь хүүхэд ч мөн орсон гэдгийг Ганбаатар хэлээд эрх баригчдын зүгээс шалгаж, мөрдөж болзошгүй тул нэрийг нь өөрчлөхийг хүсчээ.

 

"Хүүхдүүдээ сургуульд явуулахгүй бол ажилгүй болно. Тэтгэмж, эсвэл банкнаас зээл авах боломжгүй болно. Тэд ийм хүмүүсийг хар жагсаалтад оруулна. Өргөх бичигт гарын үсэг зурсан хүмүүсийг баривчилж байгаа. Тэдэнд боломжит бүх арга бий" хэмээн Өвөр Монголын малчин "Лос Анжелес Таймс" сонинд ярьсан байна.

 

"Лос Анжелес Таймс" сонин цааш нь бичихдээ: 

"Өвөр Монголд Хятадын засгийн газрын авч хэрэгжүүлж буй хатуу арга хэмжээ нь мөрдөж мөшгих, санхүү болон ажил мэргэжлээр нь заналхийлэх, баривчлан саатуулах, зээл тусламжийн хар жагсаалтад оруулах, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналлт тавих гээд угсаатны цөөнх болон "нийгмийн тогтвортой байдалд аюул занал учруулсан" гэгдэх хүмүүсийн эсрэг хэрэглэгддэг хэдийнэ танил болсон аргууд" гэжээ.

 

Өнгөрсөн долоо хоногт Шилийн хотын эрх баригчид Вичатаар дамжуулан хүүхдээ есдүгээр сарын 17-ны дотор сургуульд явуулаагүй эцэг эхчүүдийн улсаас олгох зээл тусламж авах эрхийг хаана эгж мэдэгдсэн байна. Мөн хичээлдээ суугаагүй ахлах ангийнхныг сургуулиас хасч, коллежид элсэх шалгалт өгөх боломжийг хаана хэмээн анхааруулжээ. Түүнчлэн банкууд хүүхдээ сургуульд явуулаагүй эцэг эхчүүдэд дараагийн таван жил зээл олгохооргүй болсон гэнэ.

 

Үүгээр ч зогсохгүй ажил хөдөлмөр, зах зээлийн үйл ажиллагаа, хилийн чанад руу зорчих, байр сууцандаа засвар хийх зэрэгт шаардлагатай зээл тусламжийг авах боломжгүй болно гэдгийг нутгийн эрх баригчид анхааруулсныг "Лос Анжелес Таймс" онцолжээ.

 

"Лос Анжелес Таймс" сонины мэдээлснээр ихэнх сурагчид хичээлдээ орсон ч цагдаагийнхан интернетэд "засгийн газарт халтай" ямар нэг мэдээлэл байршуулсан хүмүүсийг мөрдөж мөшгисөөр байгаа талаар Өвөр Монгол дахь эх сурвалж мэдээлэл өгсөн байна. Өвөр Монгол дахь эх сурвалж  цагдаагийн тушаалын гэрэл зургийг харуулсан бөгөөд энэ тушаал дээр хүмүүсийн нэр овог, паспортын дугаар, утасны дугаар, гэрийн болон ажлын хаягийг жагсаан бичсэн байхын дээр эдгээр хүмүүст "тогтвортой байдлын сургалт хяналт явуулах"-ыг цагдаагийнханд үүрэг болгосон байжээ.

The New York Times: Өвөр Монголчууд эх хэлнийхээ төлөө тэмцэж байна

Боромангнаев:Монгол хэлний төлөөх миний тэмцэл

Орост байгаа халимагуудын эрхийн төлөөх тэмцэл

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
uursduu udahgui muhnu
2020-09-24
Иргэн:
Яасан хэцүү юм бэдээ. Барьсан хүмүүсээ бас л Шинжааны уйгарууд шиг тамлан зовоох байхдаа.Дэлхийн 2-р дайны үед нацистуудын хорих лагер шиг хужаагийн хорих лагерьт зовох нь дээ. Хятадын удирдагчийг ухаалаг, их удирдагч гэж дэмжиж байсан чниь нацист,муу хүн байжээ. Хятадын коммунистуудын хэдэн үеэрээ тамд байх замаа засч байнадаа.
2020-09-24