Г.Даваажаргал: Зорилтот бүлгийнхэнд сайжруулсан шахмал түлшийг үнэгүй тараана
2020-09-24 12:03


НОБГ, НЭМГ, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:


-2020 он гарснаар Монгол Улсад  тарваган тахлын зургаан тохиолдол Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгуудад бүртгэгдсэн юм. Гурван хүн амь эрсэдсэн. Үүний дагуу Улсын онцгой комисс шуурхай хуралдаж захирамж гарган нийслэлийн долоон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд 24 цагаар эргүүл хяналт хийж ажиллалаа.


Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан түймрийн тохиолдол нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар авч үзвэл нийслэлийн нутаг дэвсгэрт 17 удаагийн гал түймрийн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт ирлээ. Иргэн хувийн өмчид ес, хуулийн этгээдэд найман удаа гэж бүртгэгдсэн. Түймэр гарсан шалтгаан нь цахилгаан холболтыг буруу хийснээс ихэвчлэн үүдэж байна. Иймд цахилгаан холболтоо зөв хийх шаардлагатай юм. Үүний дараах шалтгаан нь галаа түлж үнс, нурмаа ил задгай асгаснаас болж түймэр гардаг. Гуравдугаарт, цахилгаан хэрэгслийн ачааллыг хэтрүүлэх явдлаас болж байна.


Өнгөрсөн долоо хоногт хоёр хүн гал түймрээс болж амь насаа алдсан. Үүнтэй холбогдуулан угаарын хийнээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Уг ажлын хүрээнд нэг өрхөд гурав дахь удаагаа очин зөвлөмж зөвлөгөө өгөв гэлээ.


Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын агаарын чанар хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал:


-Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар болон “Таван толгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг дундын баазуудад тээвэрлэж байна. Нийтдээ 23 аж ахуйн нэгж байгууллага сайжруулсан түлшийг үйлдвэрээс болон борлуулалтын цэг хангамжийн баазууд руу тээвэрлэлтийг хийдэг юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Засаг даргын  захирамжийн дагуу төвийн зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлш нөөцлөх ажлыг үүрэг болгосон. Ажлын биелэлтээр 70 орчим мянган тонн нүүрсийг төвийн зургаан дүүргийн хэрэглээнд нөөцөллөө. Одоогийн байдлаар 100 орчим цэгүүдэд борлуулж байгаа юм. Борлуулалтын цэгүүд 2020-2021 оны өвөл 800 орчим цэг ажиллах төлөвлөгөөтэй.


Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн халамжийн газар, Таван толгой түлш компаниуд хамтран зорилтот бүлгийн айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгох ажлыг зохиож байна.  Нийтдээ зорилтот бүлгийн 10 мянга орчим айлд сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй олгоно. Энэ ажлыг дүүргүүдийн халамжийн хэлтэс Нийслэлийн халамжийн газруудтай хамтран зохиож байгаа гэлээ.


Э.Үүрийнцолмон
 

Shuud.mn
Сонин хачин
niaa:
болоо2
2020-09-24