Опен мик ба одооны ЗАЛУУЧУУД...
2020-09-24

You re my downtown baby

Your eyes are the stars of the night

You re the dream I wanna dream of every night

Baby without you I cant do this anymore...

 

Шаргал цамцтай бондгор цагаан охиныг тайзнаа гарч ийн дуулахаас өмнө Солонгос хүн гэдгийг нь мэдсэнгүй. Монголжуу төрхтэй, ойр суусан охидтой төвөггүй ойлголцон мэнд мэдэлцэж, дуу бүрийг зүрхнээсээ мэдрээд байх шиг ганцаар чимээгүй суух түүний дотоод ертөнц сонирхол татлаа. Монгол залуусын талаар тэр юу бодож суугаа бол?

 

Гэрэл зургийг The Open Mic Mongolia хуудаснаас ашиглав

 

Түүнийг Чой Ерин гэдэг, 28 настай. Солонгос улсаас жилийн өмнө Монголд иржээ. Түүнийг тодорхойлбол дуу хөгжимд, Монгол дуунд дуртай. Чойжоогийн дуунуудыг сонсдог. Монгол оронд чин зүрхнээсээ хайртай. Хоёр жилийн өмнөөс ютүб /RINDY CHOIхуудас нээж жилийн өмнөөс Монгол дууны ковер идэвхитэй хийж эхэлсэн. Үүгээрээ “Монголд ийм хайртай Солонгос хүн байдаг” гэдгийг мэдрүүлмээр санагдсан гэнэ.

 

Чой Ерин Хүмүүнлэгийн ухааны их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа. Өмнө нь Солонгос улсын их сургуульд дөрвөн жилийн турш суралцаж Монгол хэлний мэргэжил эзэмшин төгсчээ. Тиймээс монгол хэлээр маш сайн ярьдаг, дуулдаг. Бас улс өөр ч урлагаар, дуу хөгжмөөр залуустай хэл шаардлагагүй ойлголцож байна.

 

Чой Еринийг “Опен Мик”-ээс олж ярилцсан юм. Тэр “Би хоёр сарын өмнө анх удаа “Опен мик”-т ирж оролцсон. Фэйсбүүкээр бичлэгийг нь үзээд монгол дуунд дуртай учраас би ч бас ирж дуу сонсмоор, дуулмаар санагдсан. Анх ирээд Монголын залуучуудын энергийг мэдрээд надад маш их таалагдсан учраас долоо хоног болгон ирдэг болсон. Над шиг гадаад хүн Монгол найзуудтай болох хэцүү. Учир нь уулзах боломж ховор. Харин “Опен мик”-т ирээд өөрийн адил дуу хөгжимд хайртай, дуртай найзуудтай болж байгаадаа баяртай байна. Сонирхол нэгтэй залуустай сайхан цагийг архи уулгүйгээр өнгөрүүлэх надад их гоё санагддаг. Монгол орон надад маш их таалагддаг. Тэр тусмаа зуны улирал маш гоё. Би зун Баян-Өлгий, Увс, Завхан аймгаар аялсан. Миний хамгийн дуртай аймаг Завхан” хэмээн ярилаа.

 

Опен мик /OpenMic/ гэж юу вэ? 

 

Гэрэл зургийг The Open Mic Mongolia хуудаснаас ашиглав

 

Эхэнд ирж бүртгүүлсэн 20 хүн л тайзнаа дуулна. 05.30 цагт эхэлсэн бүртгэл 05.31 минутад 20 хүнээ бүртгээд дуусчихаж байна. Ард нь “Өнөөдөр л дуулъя” гээд зориглоод ирсэн өчнөөн залуус гомдолтой үлдэж байгаа нь энэ арга хэмжээний үнэ цэнийг мэдрүүлж байлаа.

 

“Опен мик” долоо хоногт нэг, хоёр ч удаа бас хаана ч зохиогдож магадгүй. Ер хаана ч болсон хүрээд л очдог залуус олон аж.  Энхээ /Д.Энхтайван/ Батаа О.Отгонбат гэж хоёр залуу энэ арга хэмжээг зохион байгуулдаг. Миний харснаар тэд “Явуулын тайз”-аар дамжуулан дуулах сонирхолтой, урлагт хайртай залуучуудад хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь урам зориг өгөх, хөгжих боломжийг олгож байна. Тэдний зорилго энэ.

 

Гэвч залуучууд тэндээс  хайр, нөхөрлөл, соёл хүндлэл гээд олон зөв чанарыг олдог шиг надад санагдсан. Анх удаа тайзан дээр гарч буй нэгэн нь зориг дутуухан дуулахад “Чи чадна аа” хэмээн дэмжиж алга нижигнүүлэх нь, мэддэг дуугаа нэгэн зэрэг даган дуулж, босч зогсоод бүжиглэх нь, танихгүй нэгэнтэй танилцаж, тараад хүргэж өгөхөөр хамтдаа алхах нь гээд эндээс одооны залуусын олон сайхан чанарыг харж болж байна.

 

Гэрэл зургийг The Open Mic Mongolia хуудаснаас ашиглав

 

Шалан дээр хөлөө жийж суусан “мартинс”-тай залуус. Шар айраг зарах ч ширээн дээрх сонголт нь цэвэр ус, ундаа. Багтах зайгүй олуулаа цугларсан ч “Найзаа ийшээ ирээд шахаад суучих” гэх буржгар үстэй уриалгахан хүү.

 

“Хүүе сайн уу, ирсэнд баярлалаа” хэмээн хүн бүрт танимхайрах дотно, дулаан мэдрэмжтэй зохион байгуулагч Батаа. “Нэг өдрийн хаан байсан нь дээр...” хэмээн дуулж доргиоход нэг нь тайз руу гүйж гараад хамтдаа дуулах. Энэ бүхнээс “Одооны залуучууд ямар гоё, яасан гэгээн юм бэ” гэдэг л бодол төрж суулаа.

 

Чой Ериний хэлснээр нээрэн архигүй шоудаж чаддаг, амьдралыг улам л эгэл, энгийн, эерэг гэгээнээр харж, ойлгож, мэдэрч чаддаг цоо шинэ залуу үе араас ирж явна. 

 

Гэрэл зургийг The Open Mic Mongolia хуудаснаас ашиглав

 

Урт гэзэг, уранхай жийнс. Бүрх малгай, богино жакет. Бүрэнхий гэрэл, байж ядсан догдлол. Тайз. Тэндээс мөрөөдөл эхэлж байна...Алив, залуу минь гитараа аваад тайз руу гүйгээч. Ахиад хамтдаа дуулъя л даа.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mongold bas iim arga hemjee boldog yum bn
2020-10-02
Open mic:
Woow
2020-09-29