Оросын хоёр далайчин Грект 300 жилийн хорих ялаар шийтгүүлжээ
2020-09-24

Оросын иргэд болох Алексей Игнумнов болон Никита Шепталов нар цагаачдыг тээвэрлэсэн хэргээр 300 жилийн хорих ял сонссон талаар News.ru мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ийм их хэмжээний ял авсан нь цагаач бүрийн тоогоор 7-12 жилийн ял ногдуулсантай холбоотой гэнэ. Ял шийтгүүлсэн Оросын иргэдийн өгүүлснээр, тэд интернетээс ажилл олон, Туркт ирсэн гэнэ. Дараа нь хөлгийн багийн гишүүдтэй хамт далайд гарсан бөгөөд тэндээ зөвхөн техникийн ажлууд хийдэг байсан аж. 

 

"Аль ч улсын харьялалд багтдаггүй далайн хэсэгт явж байх үед нь хөлөг онгоц руу 60 орчим цагаач суусан бол хөлгийн багийнхан хөлгөөсөө бууж цагаачдын ирсэн завинд суужээ. Харин манай улсын иргэд хүмүүсийг тэнгист үлдээгээд амь насыг нь эрсдэлд оруулж болохгүй эгж үзээд хамт үлдсэн байна" хэмээн Олон улсын хүний эрхийн хорооны Оросын салбарын дэд Ерөнхийлөгч Иван Мельников мэдэгджээ.

 

Гэвч тэд хөлөг онгоцыг хэрхэн залуурдахыг мэдэхгүй тул SOS -тусламж хүссэн дохио илгээсэн байна. Тэдэнд туслахаар хөлөг онгоц ирж, бүхий л зорчигчдыг шилжүүлэн суулгаад дараа нь Грекийн эрх баригчдад хүлээлгэн өгчээ. Харин Грекийн хуулийн байгууллагууд Оросын хоёр иргэнийг хууль бусаар цагаачид зөөсөн хэргээр ийнхүү 300 жилийн ял оноосон байна. Харин хүний эрхийг хамгаалагчид Оросын далайчдыг хууль бус ажил олгогчдын золиос болсон гэж үзэж байгаа аж.

 

Оросын далайчид Грекийн шүүхээр орж, "зуун дамнан" ял эдлэх шийтгэл авсан тохиолдол зөвхөн үүгээр зогсохгүй. Энэ оны зун Грекийн шүүх Оросын хоёр далайчныг мөн л хууль бусаар цагаачид тээвэрлэсэн хэргээр тус бүрт нь 253 жилийн ял оноож байв. 

 

Харин 2020 оны хоёрдугаар сард Александр Илларионов болон Андрей Журавлев гэсэн Оросын хоёр иргэн хууль бус цагаачлал, хүний наймаа зохион байгуулсан хэрэгт буруутгагдан 395 жилийн ял сонссон юм. Энэ оны нэгдүгээр сард мөн л Оросын хоёр далайчин дүрвэгчдийг хууль бусаар зөөсөн хэрэгт буруудан, 395 жил хоригдох, зургаан сая еврогийн торгууль төлөхөөр болжээ. 

 

Энд дуулгахад, Грек улс 2014 оноос дүрвэгчдийг хууль бусаар тээвэрлэсэн хэрэгт оноох шийтгэлээ чангатгасан юм. Ингэснээр энэ төрлийн хэрэг үйлдсэн хүнд цагаач тус бүрийн тоогоор 10 хүртэлх жил хоригдох, 30 мянга хүртэлх еврогийн торгууль оноох шийтгэл оноодог болжээ. Харин цагаачдад аюул учирсан бол цагаач тус бүрийн тоогоор шийтгэл 15 хүртэлх жил, торгууль нь 200 мянган еврогоос дээш дүнтэйгээр тооцогдох аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос л алга болох бх
2022-12-28
Грек гэж дампуурлаа зарласан улс нэг байна. Удахгүй Туркүүдэд дээрэлхүүлээд газар нутгаа алдана. Дампуурсан байхад нь зээл өгсөн ганц улс нь Орос байсан даа. Удахгүй газарын зурагнаас алга болно.
2020-09-25