Хүлээн зөвшөөрөгдсөн чадвартай хүмүүсийг төрд ажиллуулахад хүний нөөцийн аудит маш чухал

Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэхүү хуулиар төрийн албанд мерит буюу чадахуйн зарчим баримтлахыг хуучилсан. Мерит зарчмын хэрэгжилтийг хангахын тулд төрийн албанд хүний нөөцийн аудит гэдэг шинэ системийг нэвтрүүлж байгаа аж. Хүний нөөцийн аудит гэдэг нь төрийн албанд зөв хүнийг зөв ажилд нь томилж, үр дүнд гарч байгаа эсэхийг хэмжинэ. Энэ нь цаашдаа төрийн алба ёс зүйтэй, хариуцлагатай, боловсролтой, мэргэшсэн болоход чухал нөлөөтэйг Төрийн зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцолж байв.
Өнөөдөр Төрийн албаны зөвлөл болон Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Чадахуйн зарчмын хэрэгжилт ба хүний нөөцийн аудит” сургалтыг төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүд, 21 аймаг, яамдын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудын дунд зохион байгуулж байна.
Төрийн албан зөвлөлийн дарга Б.Баатарзориг:
-Төрийн алба, төрийн албан хаагчдад өөрчлөлт шинэчлэл явагдаж байна. Ийм шаардлага хэрэгцээ ч байна. Олон нийтийн дунд Монголын төрийн албанд чанарыг өөрчлөлт хийгээсэй, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанарт огцом өөрчлөлт гараасай, хүнд суртал арилаасай гэдэг хүлээлт байна. Тиймээс төрийн алба чанарын өөрчлөлтөөр хариу барих ёстой. Энэ өөрчлөлтийг хийхэд санхүүжилт, хөрөнгө оруулалт, хугацаа шаардахгүй, бусдаас хамаарахгүй зүйл бол төрийн албан хаагчдын сахилга хариуцлага ёс зүйг сайжруулах асуудал юм. Үүнтэй уялдаад гарч байгаа дараагийн асуудал бол төрийн албанд шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлэх, мерит буюу хүлээн зөвшөөрөгдсөн чадвартай хүмүүсийг төрд ажиллуулахад аудитын асуудал маш чухал.
Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны зөвлөлийн эрхлэх асуудалд хүний нөөцийн аудит багтсан юм. Хүний нөөцийн аудитыг зөв хийж, төрийн албанд шинэчлэл хийх нь маш чухал. Тиймээс бид 100 жилийн төрийн албаны туршлагатай Канадын туршлага, НҮБ-ын менежментийг хэрэглэж байна. Бид төрийн албанд хүний нөөцийн аудит хийснээр тухайн албан байгууллага, тухайн хүн, тухайн ажил албан тушаалдаа тохирч байна уу, үгүй юү, цаашид тогтвортой ажиллуулах уу, хөгжүүлэх үү, сургах уу гэдэгт өндөр төвшний оношилгоо, хэмжилт хийж, зөвлөмж гаргана. Төрийн албанд тогтвортой ажиллахын гол шалгуур нь өндөр ёс зүй, ажлын үр дүн байх ёстой. Түүнээс үр дүн гарахгүй, байдгаараа байгаад байвал сольж, төрийн албанд дараагийн хүнийг томилох асуудал яригдана. Төрийн албанд эрс шинэчлэгдэж байгаа энэ үед хүнээ хөгжүүлэх асуудал чухал" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ