Трампын ач Мэри Дональд Трампыг шүүхэд өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн ач Мэри Трамп Дональд Трамп болон түүний гэр бүлийнхнийг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгсөн талаар The New York Times мэдээлжээ.
Нэхэмжлэлийн хариуцагчаар Дональд Трамп, түүний дүү Мэриэнн Трамп-Бэрри болон наймдугаар сард нас барсан ахынхаа өв хөрөнгийг захиран зарцуулагч Роберт нар татагдсан байна. Роберт, Дональд болон Мэриэнн Трамп нар 1980-аад оноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн бизнесийн хяналтыг гартаа авсан хэмээн Мэри Трампп мэдэгджээ.
Улмаар тэд татвараас нуугдах, бизнесийн түншүүдээ хуурч мэхлэх зэрэг янз бүрийн луйврын арга болон хууль бус схем ашиглан мөнгө олж, орлого багатай оршин суугчдын түрээсийн төлбөрийг нэмж байсан хэмээн Мэри өгүүлсэн байна.
Мэри Трамп нь Ерөнхийлөгч Дональд Трампын ах, 1981 онд 42 настайдаа нас барсан Фред Трампын охин юм. Тэрбээр эцгийгээ нас барсны дараа гэр бүлийн бизнесийн хэсгээс өвлөж авсан ч тухайн үед насанд хүрээгүй байсан тул түүнд оногдох өв хөрөнгийг захиран зарцуулах хариуцлагыг Дональд Трамп дүү нарынхаа хамт өөр дээрээ авчээ.
Гэтэл Мэригийн ашиг сонирхлыг хамгаалахын оронд тэд луйвардан, жинхэнэ өвлөсөн хөрөнгийн хэмжээг нуун, маш бага хөрөнгө өвлөж авсан хэмээн мэдэгдэж түүнийг хуурсан гэнэ. Тиймээс энэ бүх хугацаанд тэдний үйлдсэн хэргийн төлөө Мэри Трамп 500 мянга гаруй ам.долларын хохирлыг АНУ-ын Ерөнхийлөгчөөс нэхэмжилж байгаа аж.
Энд дуулгахад, Мэри Трамп АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ахынхаа амьдралыг дэлгэсэн дурдатгал ном бичсэн нь энэ оны долдугаар сард хэвлэгдэн гарсан. "Too Much And Never Enough: How My Family Created the World's Most Dangerous Man буюу "Дэндүү их ба үргэлж бага: Манай гэр бүл дэлхийн хамгийн аюултай хүнийг төрүүлсэн нь" нэртэй ном долдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд хүрсэн юм.
Амазон сайт дээр шинэ номны товч танилцуулга хэсэгт "зохиогчийн авга ах хэрхэн өнөөдөр дэлхий нийт, эдийн засгийн аюулгүй байдал болон нийгмийн бүтцэд бүхэлд нь аюул учруулахуйц хүн болсон" талаар өгүүлнэ хэмээсэн байв.
Авга ах нь Ерөнхийлөгч болоогүй байх үед 55 настай Мэри Трамп ихэвчлэн олны өмнө гарахаас зайлсхийж, зарим үед авга ахыгаа шүүмжилсэн байр суурь илэрхийлдэг байжээ.
Дональд болон Мэригийн хоорондын дайсагнал одоогоос 20 жилийн тэртээ 2000 оноос эхэлсэн байна. Тухайн үед Мэри ах гуравдугаар Фрэдийн хамт эцгийнхээ ах, эгч нарыг өвөө болох том Фред Трампаас үлдсэн өв хөрөнгөтэй холбоотойгоор шүүхэд өгч байжээ.
Тэд нэхэмжлэлдээ 1991 онд өвөөгийнх нь бичсэн гэрээслэлд Дональд Трамп болон түүний ах, эгч нар хууран мэхлэх замаар нөлөөлж, өөрсөддөө ашигтай гэрээслэл бичүүлсэн, учир нь тэр үед өвөө нь ой ухаанаа алдах өвчинтэй байсан хэмээн мэдүүлсэн байна. Тухайн үед Мэри сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ авга ах, эгч нь өөрсдийнхөө үйлдлийн төлөө ичих хэрэгтэй хэмээж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ