"Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-8" сургалт эхэллээ
2020-09-25

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-8” сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Энэ удаагийн сургалтад Монголын хэвлэл мэдээллийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа 40 сэтгүүлч, нийслэл дэх шүүхүүдийн Олон нийттэй харилцах мэргэжилтнүүд хамрагдаж байна.

 

     

Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр нээж хэлсэн үгэндээ иргэд, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн үүрэг чухал болохыг онцлоод сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн байгууллагынхныг шүүхээр зочилж шүүгч, шүүхийн ажилтнуудын ажиллах орчин, нөхцөл байдалтай танилцаж, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн санал сэтгэгдлийг сонсохыг уриалаад суралцагчдад амжилт хүслээ.

 

 

 Энэ удаагийн сургалтад ХБНГУ-ын Ханнс-Зайдел сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ц.Сарантуяа “Үндсэн хуулиар үндсэн эрх хамгаалах онцлог” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Т.Мөнх-Эрдэнэ “Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах нь: Шүүхийн шийдвэрийг олон нийтэд хэрхэн зөв, оновчтой хүргэх вэ” сэдвээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны доктор Ц.Цогт “Захиргааны хэргийг “таних”, шүүхийн шийдвэрийг “уншиж”, эргэцүүлэл мэдээлэл бэлтгэх” сэдвээр тус тус хичээл заана. Сургалтын хүрээнд сэтгүүлчид Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцах бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүйн ухааны магистр Н.Одонтуул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийн талаар бодит кэйст тулгуурлан хичээл заах юм.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Shuud.mn
Сонин хачин