Сонгогчдодоо тодроогүй, танил бус ГОРИЛОГЧИД
2020-09-25

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа есдүгээр  сарын 30-наас нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар эхэлнэ. Сонгуулийн байгууллага улс төрийн нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчийг бүртгэж дууслаа.

 

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр улсын хэмжээнд нийт 17100 орчим нэр дэвшигч бүртгүүлжээ. Үүнээс 310 нь бие даан өрсөлдөх юм байна. Энэ удаагийн сонгуульд эрх баригч хүчин МАН дангаар өрсөлдөж байгаа бол АН, МАХН, ШИНЭ нам хамтарч оролцож байгаа. Орон нутагт улстөржилт их,  ах дүү, хамаатан садан олонтой нь сонгогчдын саналын давуугаар Иргэдийн хуралд сонгогддог. Цаашлаад бичиг үсэгт тайлагдаагүй хүнийг ч сумын Иргэдийн хурлын даргаар томилж байсан жишээ байдаг. Тиймээс орон нутаг хэт улстөржсөнөөс хөгжихгүй байна гэсэн шүүмжлэл дагалддаг. Тэгвэл аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын төлөөлөгч ямар бүрэн эрх эдэлж, ямар үүрэг хүлээдгийг тэр бүр мэддэггүй. Улсын хөгжил сумаас, багаас эхэлнэ гэдэг ч  намаараа талцсан улстөржилт хөгжлийн саад болсоор ирсэн билээ.  Хуулиараа: 12 дугаар зүйл. Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх:

 

12.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

12.1.1.асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;

 

12.1.2.хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах;

 

12.1.3.Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах;

 

12.1.4.Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах;

 

12.1.5.Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх санал гаргах;

 

 12.1.6.хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах;

 

12.1.7.хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга тавьж хариуг нь авах;

 

12.1.8.хуралдааны шийдвэрийн биeлэлтийг тухайн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах;

 

12.1.9.сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах.

 

12.1.10.Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргах.

 

Ийн хуулийн заалттай ч иргэд сонгуулиар нам, эвсэл болон талцаж, сонголтоо хийсний дараагаар сонгогдсон хурлын төлөөлөгчтэйгээ эргэх холбоо байдаггүй. Зарим  нь орон нутгийн иргэдийн хуралд хэн хэн сонгогдсоныг ч тэр бүр мэдээд байдаггүй. Энэ нь сонгогдсон төлөөлөгч нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж, иргэдтэй уулзаад байдаггүйтэй ч холбоотой. Тиймээс нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хөгжүүлэхэд хурлын төлөөлөгчид бүрэн эрхээ эдлэхээс гадна үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэйг олон нийт өнгөрсөн хугацаанд шүүмжилсээр ирсэн.

Энэ удаагийн сонгуулиар зөвхөн нийслэлд гэхэд 23 тойрог, аймгуудад 545 тойрог, нийтдээ 568 тойрог байгуулагдсан. Эдгээр 568 олон мандаттай тойргоос 816 төлөөлөгч сонгогдоно. Харин дүүргийн 152 тойрог, сумдын 1634 тойрог байгуулагдаж, сум, дүүргийн нийт 1786 олон мандаттай тойргоос 7339 төлөөлөгч сонгогдохоор байна.

 

Аймаг, нийслэл, дүүрэгт нэр дэвшигчдийн зарим нь  сонгогчдодоо танил бус. Тэр байтугай, хэдэнтээ сонгогдсон төлөөлөгчид ч сонгогч, иргэддээ тодроогүй байдаг.  Тиймээс ирэх өдрүүдэд айл өрхүүдээр танил бус горилогчдын сонин сэтгүүл тараагдаж, уулзалт үргэлжлэх байх. Ямартай ч сонгогчид  намыг эвсэл хүнийг харах эсэхээс энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүн хамаарах биз ээ.

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ард иргэд ээ, сонгуулиар улсын байгууллагад олон жил ажиллаж, карьер хийсэн хүмүүсийг сонгоцгооё!
2020-09-26