Хельсинкийн нисэх буудал дээр ноход коронавирус илрүүлнэ
2020-09-25

Финландын нийслэл Хельсинки хотын нисэх буудал дээр зорчигчдоос коронавирус илрүүлэх ажлыг тусгай бэлтгэгдсэн нохдын отряд гүйцэтгэхээр болсон талаар ВВС мэдээллээ. 

 

"COVID-19 вирусийг илрүүлэх ноход Хельсинки нисэх буудлын ирэх танхимд ажиллаж эхэлсэн. Тэд зорчигчдод өгөх тестийн салфеткийн тусламжтайгаар коронавирус илрүүлч сурсан юм. Нэн тэргүүнд хилийн чанадаас ирж буй зорчигчдод анхаарч ажиллана" хэмээн нисэх буудлын захиргаа мэдэгджээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зорчигч тестийн салфеткаар арьсаа арчиж, дараа нь тусгай саванд хийх бөгөөд үүнийг ноход үнэрлэн коронавирусийг илрүүлэх ажил нэг минутээс хэтрэхгүй хугацаа эзлэх гэнэ.

 

Тест авахад хувийн мэдээлэл цуглуулахгүй. Харин тухайн хүний хариу эерэг гарвал түүнийг цаашид шинжилгээнд хамруулах зорилгоор мэдээлэл-эмнэлгийн хэсэг рүү хүргэх аж. Нохдыг ашиглан коронавирусийг илрүүлэх туршилт дөрвөн сар үргэлжлэх юм байна.

 

Өмнө нь ийм туршлагыг Дубай хотын нисэх буудалд нэвтрүүлсэн юм. Түүнчлэн Орост коронавирусийг илрүүлэх зорилгоор нохдыг сургаж байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. Зарим хэвлэлийн мэдээлснээр нохдыг вирус илрүүлж сургах ажлыг кинологийн албаныхан эхлүүлсэн ч "албаны зориулалтаар сургаж байгаа" гэхээс өөр албан ёсны тайлбар өгөөгүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин