“Би хүний эрхийн төлөө дохино”
2020-09-28

 

Эргэн тойронд хоорондоо дохилцож, бие биетэйгээ тохой тулган мэнд мэднэ. Чимээ шуугиан бага ч тэнд олон яриа өрнөж, бас инээлдэж байв. Хөх асарт сонсголын бэрхшээлтэй иргэдийн урласан ширэн, шүрэн, арьсан эдлэл, саван, банны бөмбөлөг, даавуун болон арьсан цүнх, богино цамц, хүүхдийн тоглоом, дурсгалын зүйлс байх аж. Энд ирсэн хүн бүр хоорондоо хэл нэвтрэхгүйн зовлонгүй, бие биенээсээ хүссэн хариултаа авч байлаа. Тэд урласан бүтээгдэхүүнээ дохионы хэлээр тайлбарлан, танилцуулах аж. Тэдгээр хэрэглэлүүдийг цөмийг нь сонсголын бэрхшээлтэй иргэд хийсэн байв.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног”-ийн өдөрлөгийн хаалт болж  байгаа нь энэ.

 

 

Монголын сонсголгүй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төвийн гүйцэтгэх захирал Т.Долгорсүрэн:

 

-Энд Дархан, Багануур болон Улаанбаатар хотын гар урлал эрхлэгчдийн цөөн хэдэн хүмүүс ирсэн. Сонсголгүй иргэд гар урлалд дүйтэй, их авьяастай хүмүүс байдаг. Үүнийг төр засгаас дэмжих их чухал. Тэдний энэ урлалд нь тусламж өгөөд дэмжчихвэл хөлөө олоод амьдралаа залгуулаад явах боломжтой олон хүн бий. Монгол Улсад 12 мянга орчим сонсголын бэрхшээлтэй хүмүүс байдгаас ажил хийж байгаа нь 60 хувь, ажил хийх боломжгүй нь 20 хүрэхгүй хувь юм. Ажил хийдэг хүмүүсийн ихэнх нь хар ажил хийж барилгын туслахаар ажилладаг. Тиймээс сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн авьяас, урыг нь төр, засаг бодлогоор дэмжээсэй гэж бид хүсдэг. Үүний төлөө дуу хоолойгоо ч хүргэж байсан удаатай гэлээ.

 

Энэ үеэр Улаанбаатар чуулгын бүжигчин, дуучин, морин хуурч, уртын дууч гээд урлагийн тоглолтууд боллоо. Иргэд гараа дээш өргөн сагсайлган сэгсэрч тэднийг дэмжин баяр хүргэж буйгаа илэрхийлнэ. “Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног” өдөрлөгийн хүрээнд дохионы хэл, дохионы хэл бүхий тэг, хүртээмжтэй орчин, дохионы хэлний эрхийг хүн бүрт,  “Үндэсний дохионы хэлийг хуулиар баталгаажуулах нь, тэгш боломжийг сонсголгүй иргэдэд, сонсголгүй хүний манлайлал”, би хүний эрхийн төлөө дохино зэрэг хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна.

 

 

Дэлхийд 216 улс өөрийн гэсэн дохионы хэлтэй юм. Харин манай улс дохионы хэлээ албан ёсоор бүртгэлжүүлээгүй улсын нэг аж. Дохионы хэл бол сонсголын бэрхшээлтэй хүний эх хэл.  Та сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс өөрийгөө тусгаарлалгүй дохионы хэлээ сурахыг уриалж байлаа.

 

Үндэсний статистикийн хорооноос 2017 онд хийсэн судалгаагаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн тоон судалгааг гаргасан. Үүгээр 12,4 хувийг нь хэл ярианы болон сонсголын бэрхшээл эзэлсэн байв. Сонсголын бэрхшээлтэй 8585, хэл ярианы бэрхшээлтэй 4086 хүн бий. Үүнээс төрөлхийн хэл яриа, сонсголын бэрхшээлтэй 7907 хүн байгаа бол олдмол 4764 хүн бүртгэгджээ.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
ggg:
дохионы хэл сурахыг хүссэн олон хүмүүс байдаг. Үнэндээ төрийн бодлого л дутаад байна
2020-09-28