С.Заяасайханы НУУГДМАЛ ТӨРХ
2020-09-28

 

Уйтгар гуниг, уур хилэн, харууслаар дүүрэн  эртний хатад буу шийдэм агссан байна. Намуухан аялгуу, бодолд автсан хүмүүс, нааш цааш алхалж нэг л уйтгартай. Магадгүй тэд өнөөдөр л өөрийн дотоод хүнтэйгээ ярилцаж хөнгөн гунигтай байх шиг.  Энэ бол Монголын Уран зургийн галерейн их танхим. Энэ танхимд зураач С.Заяасайханы “HIDDEN IDENTITY” бие даасан үзэсгэлэн есдүгээр сарын 26-наас үзэгчдийн хүртээл боллоо.

 

 

Зураач С.Заяасайхан:

 

-Үзэсгэлэнгийн нэр нь “HIDDEN IDENTITY” буюу нуугдмал төрх. Үзэсгэлэнгийн онцлог нь үзэсгэлэнд дэлгэгдэж буй бүтээлүүд нэг агуулгад багтаж байгаа.  “Өвөг дээдсийн их өв” гэдэг зурагт маань их хатад буутай байгаа. Учир нь монголын эртний хатдын хувцасны агуулга нь хамгаалах. Тиймээс энэ хамгаалагчдын жинхэнэ нуугдмал дүр төрх нь юу байх вэ гэхээр магадгүй биднийг хамгаалах, алдагдаж байгаа үнэт зүйлийг хамгаалахын тулд эргэн босож ирж байгаа гэсэн далд агуулгатай. Энэ зургаар дамжуулан үзэгчид өвөг дээдэстэйгээ уулзаасай. Ингэхдээ яагаад буу барьсан юм бэ гэж  асуугаасай гэж бодож бүтээлээ зурсан.

 

Бүтээлийн гүн агуулга нь “эвдэрч” муухай болохгүй байгаасай, шуналгүй, өвөг дээдсийнхээ бүтээсэн зүйлийг хайрлаасай гэсэн санааг өгөхийг зорьсон. 

 

Үзэсгэлэнгийн гол бүтээл “Будда” бүтээл. Олон одон медаль ашиглаж бүтээсэн. “Будда” бүтээл нь хоёр алдагдсан зүйлийн уулзвар.  Жишээ нь социализмын үед шашин шүтэх, чөлөөтэй сэтгэх зэргийг хорьдог байсан. Тухайн үеийн хүмүүсийн  бүтээж байсан зүйлсийн утга учир нь одон медаль, тэмдэгнүүдэд үлдсэн. Өнөөдөр эдгээр зүйлс нь ямар ч үнэ цэнэгүй болчихсон. Тиймээс энэ хоёр алдагдсан зүйлийн уулзвараар “Будда”-гийн дүр төрхийг бүтээсэн.

 

Ямар ч нийгэмд амьдарч болно. Гэхдээ бидний өвөг дээдсийн бүтээсэн ололт амжилт буюу бидэнд өвлүүлж үлдээсэн  хамгийн үнэт зүйлсийг бүү гээгдүүлээсэй гэсэн санаатай. Үзэгчид өөр өөрсдийнхөөрөө тунгаах биз. 

 

Иргэн Б.Наранчимэг: 

 

-Анх удаа зураач С.Заяасайханы үзэсгэлэнг үзэж байгаа. Маш өвөрмөц, сонин бүтээлүүд байна. Эртний хатдын хувцастай бүсгүйчүүд буу агссан  байгаа нь үнэхээр сонин.  Эдгээр бүтээлүүдийг өөрийнхөөрөө тайлж ойлгохыг хичээж байна. Эдгээр бүтээлээс нэг бүтээлийг нь ч болтугай өрөөнийхөө ханан дээр өлгөвөл  сайхан даа гэж бодож байна шүү  хэмээлээ. 

 

Зураач С.Заяасайханы “HIDDEN IDENTITY”  үзэсгэлэн  аравдугаар  сарын 09-ний өдөр хүртэл Монголын Уран Зургийн их танхимд  гарах аж.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
emegtei hun buu barih yosgui shuu dee. Buu barij bainaa gdg chin ...
2020-09-29