Ахмадууд дархлаагаа дэмжиж, дасгал хөдөлгөөн хийгээрэй
2020-09-28

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.28/ хийлээ. 

 

 

ГҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл:

 

-ГҮТ нь ахмад настанд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Коронавирус цар тахлын энэ үед дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтраад Улаанбаатар хотод амьдарч байгаа эрүүл мэндийн 4,5 дугаар бүлгийн настанд гэрээр тусламж үйлчилгээг үзүүлэх, хүмүүнлэгийн болон мэдлэгийн багцыг хүргэж өгөх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

 

Монгол Улсын хэмжээнд нийт 250 мянган настан байдгаас Улаанбаатар хотод 52 хувь нь амьдарч байна. Үүнээс 20 хувь нь эрүүл мэндийн 4,5 дугаар бүлэгт төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг авч чадахгүй гэрийн тусламж үйлчилгээнд хамрагдаж байгаа.

 

Хөтөлбөрийн хүрээнд настны хэрэгцээний судалгааг ДЭМБ-ын Номхон далайн бүсийн гаргасан судалгааны аргачлалын дагуу авсан. ГҮТ-ийн гэрийн тусламж үйлчилгээний багт зайн оношилгооны технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн хөдөө орон нутагт болон алслагдсан аймаг сумдад ажиллаж байгаа өрхийн болон сумдын анхан шатны тусламж үзүүлэгчдэд зориулсан зайн сургалтын өрөөг тохижуулсан. Улаанбаатар хотод амьдарч байгаа 6895 настанд, Батсүмбэрийн улсын асрамжийн газрын 136 асруулагчдад төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг байгаа газарт нь очиж үзүүлэхийн зэрэгцээ бусад багцуудыг хүргэн өгч эрүүл мэндийн болон коронавирусээс сэргийлэх зөвлөгөө зааварчилгааг өгч ажиллаж байна.

 

Ахмадууд коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжих, дасгал хөдөлгөөн хийх, архаг хууч өвчинтэй бол эмчилгээгээ сайн хийлгэх, улирлын томуугаас сэргийлэх вакцинд хамрагдах хэрэгтэй.

 

М.Насан  

Shuud.mn
Сонин хачин