“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөр хэрэгжинэ
2020-09-28

 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг, Монголын Залуу инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэ, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Анхбаяр, нар  мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг:

 

-Нийслэлийн залуучуудыг дэмжих 10 төв үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэхүү төвд КОЙКА-гийн төслөөр 15 төрлийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, 1237 залуус амжилттай төгссөн. Үүнээс 42 залуу КОЙКА-гийн дэмжлэгээр тэтгэлэг авч суралцаж байгаа. Хөтөлбөрийн үргэлжлэл болж “Үндэсний шинэ давлагаа-инженер залуу үе”  хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Үүний хүрээнд гурван төрлийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд  хувь хүний хөгжлийг дэмжих, компьютерийн хэрэглээний программ, хэлний сургалт орно. 

 

Энэхүү хөтөлбөрт Улаанбаатар хотын Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон Дорноговь, Хэнтий, Орхон, Ховд, Өмнөговь зэрэг аймгуудаас Улаанбаатар хотод их дээд сургуульд суралцаж байгаа 1,2 курсийн оюутан залуучууд хамрагдана.

 

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Монголын залуу инженерүүдийн холбоо” ТББ, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-ууд хамтран  2020 оны аравдугаар сараас 2021 оны дөрөвдүгээр сарыг дуустал “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа.

 

“Үндэсний шинэ давлагаа-инженер залуу үе” хөтөлбөр үнэ төлбөргүй бөгөөд хамрагдах хүсэлтэй залууст нээлттэй аж. Сургалт ирэх сарын 1-нээс эхэлнэ. Харин өнөөдрөөс бүртгэлийн үйл ажиллагаа эхэлж байна.

 

“Цахим оюуны  эерэг давлагаа” ТББ, Монголын Залуу инженерүүдийн холбооны дэргэдэх “Инженер” академид бүртгэл явагдах аж.

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин