Т.Баясах: Хуулийн байгууллагын шийдвэр гарсны дараа хариуцлагын асуудал яригдана
2020-09-28

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар мэдээлэл хийлээ.

 

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах:

 

-Манай дүүрэг нийслэлийн есөн дүүргээс хамгийн том дүүрэг. Өнөөдрийн байдлаар 361 мянган хүн амтай. Үүнээс 120 мянган хүүхэд оршин суудаг. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн  гэм хэргүүд гарах боллоо. Үүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хүн хүчний нөөц бололцоо гээд олон зүйл байгаа. Өнөөдөр БЗД-ийн Засаг даргын харьяа хэлтэс, албадын оролцсон шуурхай зөвлөгөөн болоод дууслаа.

 

Манай дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллагууд,  нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, хороонд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд гээд энэ хүмүүсийн ажлын хүрээгээр хорооныхоо иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна гэдэг дүгнэлтийг гаргасан.

 

Тиймээс дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн байгууллагуудыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл рүү татан оролцуулахаар болсноо зарлаж байна. 

 

БЗД-т 31 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдгаас үл хамаараад бүх төрийн байгууллага хүүхдийн хамгааллын чиглэлээр ажиллахаар болсон. Тодорхой хугацаагүй. Эхний ээлжинд дүүрэгт эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа бүх айлын судалгааг гаргахад төрийн байгууллагуудыг дайчилна. Энэ ажил эхний ээлжинд нэг сарын хугацаатай үргэлжилнэ. Цаашдаа дараа дараагийн арга хэмжээг авна. Мөн энэ захирамж гарсантай холбогдуулан төрийн бус байгууллагуудыг манай байгууллагатай хамтарч ажиллахыг уриалж байна. Төрийн бус байгууллага дан дангаараа яваад хамтарч ажиллахад үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд хамтарч ажиллавал эрсдэлтэй бүлэгт амьдарч байгаа хүүхдүүдийн судалгааг гаргаж дараа дараагийн эрсдэлтэй нөхцөлөөс урьдчилан сэргийлж чадах юм.

 

Иргэддээ хандаж хэлэхэд, хөршийн холбоо дутагдаж байна. Хөршийн холбоогоо сайжруулах хэрэгтэй. Хашаандаа ороод хашааныхаа хаалгыг хаах бус хажуу хашаанд юу болж байгааг, гэртээ ороод хаалгаа хаах биш, хажуу айл, хажуу орцонд юу болж байгааг мэддэг, сэжигтэй тохиолдол гарвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг уриалж байна. 

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт:

 

-Засаг даргын захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд цагдаагийн байгууллага, ГБХЗХХ, нийгмийн хөгжлийн хэлтэс дээр ирсэн мэдээллүүд байдаг. Энэ нь тухайн хороо нутаг дэвсгэрт эрсдэлтэй айл өрхийн судалгаа байдаг. Гэхдээ хүний нөөцийн хувьд хангалттай хүрэлцээтэй зүйл биш байгаа. Гэхдээ бид энэ захирамжийн хүрээнд төрийн байгууллагын иргэдэд хүрч ажиллаж байгаа анхан шатны нэгж болох хороо дүүргийн зүгээс өөрсдийн нөөц боломж бололцоогоо дайчлан ашиглаж гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл үүсэх магадлалтай айл өрхүүдийн судалгааг гаргана.

 

Төрийн байгууллагууд хамтран ажиллаж байнгын эргүүл мэдээллүүдийг хүргэж  ажиллана. Ерөнхий боловсролын сургуулиудын  нийгмийн ажилтангууд сургуулиараа дамжуулаад эрсдэлтэй хүүхдүүдээ хамгаалах ажлыг зохион байгуулна.

 

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 28 хороонд хөгжлийн нийгмийн ажилтан байдаг. Нэг хөгжлийн нийгмийн ажилтан дунджаар нэг хорооны 15 мянган хүн амд хүрч ажиллаж байгаа. Хүний нөөцийн хувьд хангалттай түвшинд байхгүй байна. Тиймээс дүүргийн түвшинд хөгжлийн нийгмийн ажилтны орон тоог тодорхой түвшинд нэмэгдүүлэх саналыг нийслэлийн Засаг дарга болон Засгийн газарт хүргүүлнэ.

 

Захирамжийн хүрээнд 2-3 төрлийн ажлын төлөвлөгөөнүүдийг гаргасан. Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өөрсдөө төлөвлөгөө, ажлын хувиар гаргаж тодорхой цагуудад албан хаагчид айл өрхүүдээр явж судалгаа мэдээллийг цуглуулна гэж мэдээлээд БЗД-ийн Засаг дарга Т.Баясах сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Баянзүрх дүүрэг хэдэн хороотой вэ? Дүүргийн хамтарсан багт улсын төсвөөс хэчнээн төгрөг зарцуулагддаг вэ?

 

-Баянзүрх дүүрэг 28 хороотой. Хамтарсан баг нь  хороон засаг дарга, тухайн хорооны хэсгийн байцаагч, өрхийн эмнэлгийн ажилтан, нийгмийн ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тухайн хамтарсан багт ажиллаж байгаа ажилчид үндсэн цалин авдаг. Гэхдээ манай дүүргийн хувьд урамшуулал өгдөг болсон. Хоол, унаа, бичиг хэргийн зардал гээд тодорхой хэмжээний зардлуудыг тусад нь шийдэж байгаа. Цагдаагийн гуравдугаар хэлтэс 100 гаран албан хаагчтай. Албан хаагчид өөрсдийн хариуцсан ажлаа хийдэг байх гэж бодож байна. Цагдаагийн байгууллагын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй.

 

Хүн хүрэлцээний асуудал дутмаг байгаа нь үнэн. Тиймээс зөвхөн нийгмийн ажилтан хорооны хамтарсан баг гэж хязгаарлахгүйгээр дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн байгууллагыг дайчилж оролцуулж байгаа. Бусад дүүргүүдийг ингэж ажиллаасай гэж уриалж байна.

 

-Эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа айл өрхийн судалгааг одоо гаргана гэж байна. Өмнө гаргаж байгаагүй юу?

-Эрсдэлтэй бүлгийн судалгаа бий. Гэхдээ судалгаан дээр байгаа айлуудад хүрэлцэж очиж чадахгүй байгаа. Тухайн айлуудтай холбогдох боломж нь бага. Тиймээс үүнийг нэмэгдүүлэхийн тулд төрийн байгууллагуудыг оролцуулж байгаа.

 

-Хэдэн төгрөгний урамшуулал олгодог вэ?

 

-Нэмэгдэл урамшууллыг дүүргийн ИТХ-аас олгож байгаа. Хэдэн төгрөгний урамшуулал олгож байгааг нь хэлж мэдэхгүй байна. ИТХ-аас тодруулах нь зөв байх.

 

-Эрсдэлтэй бүлгийн судалгааг гаргасан. Гэхдээ хүрч ажиллаж чадахгүй байна гэж тайлбар тавих нь зүйтэй юу?

 

-Эрсдэлтэй бүлгийн судалгаа байнга шинэчлэгдэн гарч байгаа. Учир нь манай дүүрэгт шилжилт хөдөлгөөн маш их байдаг.

 

-Гарсан харамсалтай хэргийн талаар хорооны байгууллагаас тайлбар хийсэн үү?

 

-2018 онд хүүхэд алга болсон гэсэн дуудлага өгсөн байсан. Эцэг эх нь холбогдоод хүүхэд дэлгүүр явсан байж, олчихлоо гэсэн байдаг. Мөн хавар гар нь хугараад гэмтлийн эмнэлэгт очсон байсан. Нийгмийн ажилтан очиж ажилласан. Ээж нь “хөдөө явахдаа унасан байна” гэсэн мэдээллийг өгсөн.

 

-Хэн хариуцлага хүлээх вэ?

 

-Хуулийн байгууллага шалгаж байна. Хуулийн байгууллагын шийдвэр гарсны дараа хариуцлагын асуудал яригдана.

 

-Хорооны хамтарсан багийн хүчийг нэмэгдүүлэх үү?

 

-Энэ асуудалд анхаарч ажиллана. Гэхдээ дүүргийн зүгээс энэ асуудлыг шийдэхэд хэцүү байгаа. Учир нь дүүргийн ажилтан албан хаагчдын бүтцийг нийслэл баталдаг. Нийслэлийн бүтцийг Засгийн газар баталдаг. Тиймээс бид дур мэдэн шийдэх боломжгүй. Гэхдээ бид нийгмийн ажилтны орон тоог нэмэх шаардлагыг явуулж байгаа.

 

-Үүрэгт ажлаасаа өөр ажил хийдэг байдлыг яаж болиулах вэ? Сонгууль гэж сонин тараадаг?

 

-Өөр ажил хийдэг гэдэгтэй санал нийлэхгүй байна. Ажлын цагтаа ажиллаж байгаа. Баримттай бол арга хэмжээ авна. Сонин тарааж байгаа нийгмийн ажилтан байхгүй.  

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин