Н.Наранбаатар: Анна Каренина тэр чигтээ амьдралын философи
2020-09-28

 

Анна Каренина жүжиг Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр нээлтээ хийх байсан ч цар тахлаас үүдэн 10 дугаар сарын 3-ны өдөр нээхээр болсон. Үүнтэй холбогдуулан УДЭТ-аас мэдээлэл хийлээ. "Анна Каренина" жүжгийн Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар:

 

-Анна Каренинагийн тухай хүн бүхэн ярьж байгаа. Удаан хугацаанд хүлээлт үүсгэлээ. Бид ч их хичээж, та бүхэн ч удаан хүлээлээ. Тиймээс бидний уулзах цаг болсон. 10-р сарын 3-ны өдөр уг бүтээл үзэгчдэд хүрнэ.

 

Яагаад энэ жүжгийг хийх болсон бэ гэвэл нэгдүгээрт, энэ бол дэлхийд данстай жүжиг, хоёрдугаарт, дэлхийн соёлт хүн төрөлхтөн бүхний уншиж, тунгаах дуртай зохиол. Яагаад энэ зохиол хүн болгоны танил болтлоо алдартай болсон бэ гэвэл, энэ зохиол нас насанд өөр өөр өнцгөөр харагддагаараа романы ид шид оршиж буй. 12-р ангийн хүүхэд байхдаа уншихад нэг өөр харагдана. 20 насандаа дахиад нэг уншвал өөр харагдана. 30, 50 гээд бүх насанд өөр өөрийн өнгөтэй. Үүний адил өөр өөр бодролыг төрүүлж байдаг нь уг романы увдис юм. Энэ жүжиг тэр чигтээ амьдралын философи юм.

 

Зохиолд 19-р зууны сүүлийн үеийн тухай гарч байгаа. Тэр цагийн нийгмийн араншин, өнөөдрийн манай нийгмийн араншинтай яг давхацдаг. Тухайлбал, Анна алдартай дуучин биш, жүжигчин, улс төрч, нийгмийн том зүтгэлтэн биш. Энэ жирийн нэгэн эмэгтэй. Түүний амьдрал хэнд тийм их хамаатай юм бэ? Хэнд ч хамаагүй. Түүнд тохиолдох явдлыг нийгэм даяараа асуудал болгож, дэврээж, сэвж хүнийг ямар нөхцөлд оруулдгаа харах хэрэгтэй. Манай нийгэм хүний муу зүйлийг нийтээрээ цахим ертөнцөд цуурч тараадаг. Ийм орчинд хүн яаж амьдардгийг энэ жүжгээс хар. Хүний амьдрал руу битгий өнгий. Урдах амьдралаа хичээ, ажил хий, хөдөлмөрч, бүтээлч бай. Хов, жив бүү хөөцөлд гэдэг утга үүний ард оршиж байгаа юм. Би найруулагч хүний хувьд үүнд эмзэглэж энэ романыг жүжгийн зохиол болгож, жүжиг болгон тоглох нь нэн шаардлагатай юм байна гэдгийг олж харсан.

 

Уг жүжгийг хийх болсон хоёр дахь шалтгаан бол дэлхийн томоохон театрууд Анна Каренинаг тоглодог. Үүнийг хийснээр академик шинж чанараа илүү их бататгадаг. Үр дүнд нь жүжигчдийн ур чадвар, мэдлэг оюун үргэлж дээшилдэг. Нөгөө талдаа үзэгчдийн оюуны чадавх, оюуны тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд жүжгийн гол зорилго оршино.

 

Гол дүрийн жүжигчин Н.Баярмаа хэлэхдээ:

 

-Сэтгэл гарган удаан хугацаанд хөдөлмөрлөсөн жүжгээ үзэгчдэд толилуулахдаа бэлэн боллоо. Зохиолоо уншиж эхэлсэн цагаас  Н.Пүрэвдагва /жүжгийн зохиол болгосон/ ахтайгаа их найзаллаа. Энэ хүнтэй хамтран ажиллаж үг сонсож, дүр дээрээ ажиллахад их бахадмаар явдал байлаа. Зохиолоо анх уншаад хүний амьдралын, тэр дундаа эмэгтэй хүний зүрх сэтгэлийн дотоод нарийн мэдрэмжийг яаж ийм гоё зураглан татаж бичсэн юм бол гэж бишрэх сэтгэл төрж байсан. Миний хийх ажил бол түүнийг ил гарган тоглох үүрэг байсан.

 

Үзэгчид маань энэ жүжгээс ямар Аннаг хүсэж байгааг мэдэхгүй байна. Бүгд зүрх сэтгэлдээ өөрийн гэсэн Аннаг бодон ирэх байх. Би өөрийн зүрх сэтгэлээр бүтээсэн Аннаг тоглоно. Үзэгчдийн хүлээлт, цензур тэнд харагдах биз. Монгол улс хэдий их хөгжилтэй орон биш ч манай улс сонгодог театртай, тэр нь дэлхийн хэмжээний сонгодог жүжгийг тавьж байна. Том жүжгийг тавихад найруулах найруулагч, тоглох уран бүтээлчид, түүнийг жүжиг болгон буулгах том эрдэмтэд байгаад их баярлаж байна гэлээ.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин