Хүүхдэд ээлгүй тоглоомын талбай
2020-09-28 22:24

 

Хүүхдийн тоглоомын талбайн асуудал олон нийтийн анхааралд орж, иргэний нийгмийн байгууллага, иргэд дуу хоолойгоо өргөсөөр байна. Тэдний нэг төлөөлөл П.Ганзоригийг урьж ярилцлаа. Тэрбээр барилгын салбарт олон жил ажиллаж байгаа. Хүүхдийн тоглоомын талбайг чанар, стандартад нийцүүлэн байгуулахыг уриалж, уг асуудлын шийдлийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

 

-Ойрын жилүүдэд хүүхдүүд тоглох газар гэхээр тод өнгөтэй хуванцар гулсуур гэж л төсөөлдөг болчхоод байгаа. Харин та үүнийг юу гэж тодорхойлох вэ энэ асуултаар ярилцлагаа эхлүүлье.

 

-Тоглоомын талбай хүүхдийн тоглож наадах хэрэгцээнээс гадна бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэх, нийгмийн харилцаанд оролцуулах гээд олон талын үүрэгтэй. Тэр тусмаа сургууль, цэцэрлэгийн гаднах талбай энэ агуулгыг бүрэн багтаасан байх ёстой.

 

Жишээ нь: Хөдөлгөөн хязгаарлагдмал орчинд хүүхэд удаан байхад стресст орж дархлаа нь суларч, бие бялдар оюун, ухааны хөгжил удааширдаг гэсэн судалгаа бий. Бид зөвхөн хүүхэд тоглодог газар төдий л хардаг. Үүнээс гадна өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртэл зориулж тохижуулах шаардлагатай.

 

 

-Одоо хүүхдийн тоглоомын талбайн ямар стандарт мөрдөгдөж байгаа вэ? Ер нь ямар байх ёстой талаар тодруулъя.

 

-Сүүлийн үед хүүхдийн тоглоомын талбайн асуудал их хөндөгдөх болсонтой холбоотойгоор 2019 онд олон улсын жишигт ойртуулсан стандартыг нь баталсан. Тухайлбал насны гурван ангилалтай, хогийн цэгээс 100 метрээс хол зайд, автомашины хөдөлгөөнөөс тодорхой зайд, камержуулах гэх мэтчилэнгээр тогтоосон. Мөн Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмээр нэг хүүхдэд 0.7 м.кв тоглоомын талбай ногдох ёстой. Гэтэл иргэдийн амьдрах орчинд нь хамаатай энэ мэтийн олон стандарт нээлттэй биш байна. Эдгээр стандартыг Стандарт, хэмжил зүйн газраас захиалан мөнгөөр худалдаж авах боломжтой ч бусадтай хуваалцах, хуулбарлах, нийтэд түгээхийг хориглодог. Иймээс ихэнх эцэг, эхчүүд бүр цаашлаад СӨХ хүртэл хүүхдийн тоглоомын талбайн стандартыг мэддэггүй.

 

-Өнгөрсөн жил 400 гаруй хүүхэд тоглож байгаад гэмтэж, бэртжээ. Нийслэлд байгаа 1452 тоглоомын талбайн 900 гаруй нь стандарт хангаагүй гэдэг дүн гарсан. Үүний хэрэгжилтийг хэн хянах ёстой вэ?

 

-Шинээр орон сууц барихдаа улсын болон хувийн бүх л байгууллагууд төлөвлөлт, зураг төслөө Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Барилгын хөгжлийн төвөөр батлуулдаг. Тэгэхээр үүнийг 1) анх зураг төслөө батлуулахад нь 2) барилга барих явцад нь 3) улсын комисс хүлээж авахад нь гээд хянах олон шат бий. Гэтэл аль шатандаа хяналт алдагдаад байгааг шалгаж тодорхой болгож, алдаа гарсан газарт хариуцлага тооцдог болж байж уг асуудал арилна. Харин хуучин стандарт хэрэгжиж байх үед баригдсан барилгууд болон тоглоомын талбайн хувьд Нийслэлийн хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар болон Мэргэжлийн хяналтын газар зэрэг газрууд хяналт тавих ёстой. Мөн стандартын дагуу баригдсан талбайн талбайн ашиглалтыг буюу бүрэн бүтэн, аюулгүй байдлыг СӨХ хангаж ажиллах үүрэгтэй. Төрийн холбогдох байгууллагууд нь энэ талын мэдээллээ сайн түгээхгүй байгаагаас иргэд стандартыг хэн мөрдүүлэх ёстой, хаана хандаж, ямар шаардлага тавихаа мэддэггүй. Мэддэг болчихвол иргэд амьдрах орчинд нь хамаатай стандарт, норм дүрмийн хэрэгжилт ямар байгааг өөрсдөө хянах боломжтой болно.

 

 

-Баригдаж буй барилгууд захиалга авахдаа гоё зураг харуулчихаад тоглоомын талбайгаас нь таначихдаг. Тэгэхээр аль аль талдаа асуудал байдаг юм шиг харагддаг.

 

-Стандартыг хэрэгжүүлэхэд төрийн шат шатны байгууллагуудын хяналт, хариуцлагатай байдал, мөн дээр нь иргэдийн оролцоо чухал гэдгийг би өмнө нь дурдсан. Мэдээж анх тохирсон нөхцлөөсөө өөр тохижилттой байр өгвөл захиалагч, гүйцэтгэгч хоёрын гэрээний үүрэг зөрчигдсөн тусдаа асуудал болно.

 

Гэхдээ энд бас нэг зүйлийг хэлмээр байгаа нь байр болгоны гадаа жижиг зайд нэр төдий тоглоомын талбай төлөвлөх нь оновчтой шийдэл биш. Гадны хотуудын жишгээр хотхон, хорооллын хэмжээнд төлөвлөж нийтийн эзэмшлийн талбайнуудыг дундаа томоор шийдэх хэрэгтэй гэсэн үг. Улаанбаатарт үүсээд байгаа олон асуудлын цаад шалтгаан хот төлөвлөлтөө зөв хийж чадахгүй байгаад л байна. Үүний нэг жишээ нь Яармаг. Сүүлийн 3, 4 жилийн дотор олон сайхан барилга баригдсан ч зарим хотхон, байрууд орох гарах замгүй. Хүмүүсийн төвлөрөл үүсч байгаа суурьшлын шинэ бүсэд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйчилгээ, худалгаа үйчилгээний төвүүдээ төлөвлөж шийдээгүйгээс болж хотын төв рүү хөдөлгөөний урсгал бий болж түгжрэл үүсч эхэлж байна.

 

-Тэгвэл нэгэнт баригдчихсан байруудын гадаах талбайг яаж тохижуулах вэ? Зарим газарт тоглоомын талбайгүй, заримд нь авто машины зогсоолгүй, орц гарцаа яах вэ гээд олон зүйл асуултын тэмдэг дагуулж байна.

 

-Жишээ нь таван байрны дунд стандартад нийцсэн, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлсэн нэг талбай байгуулах, хогийн нэгдсэн цэг зэргээр шийдэж болно. Зарим барилгууд үнэхээр сул газар зай талбайгүй бол дээврээ ашиглаж хүүхдээс гадна оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөх тухтай, талбайг шийдэх боломжтой. Энэ мөн л бусад хотуудад байдаг, түгээмэл шийдэл шүү дээ. Харин манайд ингэж ашиглах боломжтой дээвэр их байгаа ч олж харахгүй байна. Дээвэр дээр шийдсэнээр нар, салхи агаар сайтай, машины хөдөлгөөн дуу чимээ, тоос шорооноос хол, орчны харагдах байдал өргөн гээд олон давуу талтай. Улсын төсвийн мөнгөөр баригдаж байгаа зарим сургууль цэцэрлэгүүд хангалттай газаргүй гээд гадна талбайн тохижилт бүрэн хийдэггүй. Ийм тохиолдолд анхнаасаа дээврээ ашиглахаар зураг төсөлдөө тусгаж, хийх боломжтой. 

 

-Гэр хорооллын дунд тоглоомын талбай байгуулж, хүүхдүүдэд тэгш боломж олгох уриалга нийгэмд хүчтэй тархаж байгаа. Энд амьдарч буй хүүхдүүд тоглох газаргүйгээс харамсалтай тохиолдол хэд хэд гарлаа.

 

-Улаанбаатарын нийт өрхийн 50 гаруй хувь гэр хороололд амьдардаг. Гэтэл сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу зэргээс эхлээд олон зүйлээр хүүхдүүдэд тэгш боломж өгөхгүй байна. Жишээлбэл, тоглох газаргүйгээс эрсдэлтэй газраар явж гэмтэж, бэртэх нас барах хүртэл харамсалтай тохиолдлууд гардаг. Бид ирээдүй хойч, үр хүүхдүүдийнхээ асуудлыг хамгийн түрүүнд анхаарч, шийдэхгүй юм бол улс орны хөгжлийн асуудал ярих хол байна л гэсэн үг.

 

Эх сурвалж: Ikon.mn

Shuud.mn
Сонин хачин
tsoodooloi:
tanai site yagaad busad site-iixaa ymiig copy xiigeed bdgiin be. ymar uchirtai ym. ugsa ikon deer garsan ymiig, ikong boddoggvi ymuu xandaltiig n talaj awax gd bdinmuu ?
2020-10-04