Н.Баярмаа: Хүмүүсийн зүрх сэтгэлд дүрээ шигтгэхийг хүсэж байна
2020-09-29

Гэрэл зургийг MPA.mn

 

Үзэгчдэд хүлээлт үүсгээд байгаа  “Анна Каренина”  жүжиг ирэх сарын 3-нд нээлтээ хийнэ. “Анна Каренина” жүжгийн гол дүр, УДЭТ-ын жүжигчин, СТА Н.Баярмаатай ярилцлаа.

 

-“Анна Каренина”   жүжгээ олонд толилуулах гэж байна. Сонгодог жүжгийн дүрээ авсан үеийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

 

-Бүх жүжигчид сайн, том дүрд тоглох юм сан гэсэн амбиц байдаг. Театрын жүжигчний хувьд сонгодог дүрд тоглох юмсан гэсэн хүсэл бий. Өмнө нь “Хүүхэлдэйн байшин” сонгодог жүжгийн Норагийн дүрд тоглосон. Анна бол миний хоёр дахь сонгодог жүжгийн гол дүр.

 

“Анна Каренинаг тавихаар боллоо. Чи романыг бие дааж судлаарай” гэж найруулагч хэлсэн. 10 жилд байхдаа нэг удаа уншиж байсан ч тухайн үедээ зурвасхан зурвасхан ойлгож уншсан. Яг хэрэг болгон дүрийн судалгааг хийнгээ гурван удаа уншиж, сүүлдээ зарим хэсгийг нь цээжилчихдэг юм билээ.

 

-Жүжгийн бэлтгэлийн үед найруулагч танд ямар даалгавар өгч байв?

 

-“Анна Каренина” романыг унших бүрт шинэ зүйл нэмэгдээд байдаг. Энэ хэсгийг анзаараагүй юм  байна, ийм юм байна шүү дээ гээд л нэмэлтүүд унших бүрт тодордог.  Одоо ч гэсэн зарим  үзэгдэл дээр эргэлзээ төрвөл тэр хэсгээ эргүүлэн хардаг. Найруулагч маань “нэг чиглэл олсноороо төвлөр, кино, жүжиг битгий үзээрэй” гэсэн даалгавар өгсөн. Тиймээс ямар ч хуулбаргүйгээр өөрийн дотроос энэ эмэгтэйг амилуулах болсон. Жүжгийн бүх зүйл тодорхой болбол кино, жүжгүүдийг нь нээлттэй үзэж болно гэж чиглүүлсэн.

 

 

-Анна дотоод сэтгэлдээ маш их шаналж бас хүчтэй дурлалын мэдрэмжийг авдаг. Та тэр хүчтэй мэдрэмжийг авч, гарган үзүүлэх хэр хүнд байна вэ?

 

-Маш их сургуулилт хийсэн. Миний туулаагүй амьдрал учраас түүнийг би бодож, сэтгэн тоглож байгаа. Хэрвээ “надад ийм явдал тохиолдсон бол яах вэ” гэж боддог. Тэрийг амьд болгон биеэрээ дамжуулж гаргах нь цэвэр жүжигчний ажил байдаг. Жүжигчин хүний хийх үндсэн үүрэг тэр шүү дээ. Энэ бол гүн гүнзгий ажил. Түүнээс биш хөгжилтэй, алиа марзан, эсвэл чанга, тод ярьдаг хүмүүс биш. Ийм учраас л  жүжигчин гэх ажлыг хүмүүс хүндэлдэг байгаасай хэмээн хүсдэг дээ. Энэ бол бие болон сэтгэлийн маш хүнд ажил байдаг. Үүнийг хүмүүс илүү мэддэг байгаасай.

 

-Жүжгийн бэлтгэл явц удаан үргэлжиллээ, цар тахал ч үүнд нөлөөлж, тавигдах хугацаа нь хойшилсон. Өдөрт хэчнээн цаг бэлтгэлт хийдэг вэ?

 

-Бид өглөөнөөс эхлээд шөнийн хоёр, гурван цаг хүртэл сургуулилтаа хийх өдрүүд байсан. Биднийг сургуулилтын үеэр сул чөлөөтэй явахыг найруулагч зөвшөөрдөггүй. Зүрх сэтгэлээсээ гарч буй бүх зүйлээ гарга гэдэг. Өглөөнөөс орой болтол бид чанга дуугаар ярьж, үргэлж өндөр темпээр ажилладаг. Мэдээж сайн юм хийхэд золиос хэрэгтэй. Надаас гарах ёстой золиос маань гарч байгаа.

 

Он гараад бид жүжгийн сургуулилтдаа гарсан. Тайзны сургуулилт эхэлсэн цагаас хойш 100 хувь жүжигтээ анхаарлаа хандуулах хэрэгтэй болдог. Бүх юмаа орхисон учир нь эхлүүлсэн ажлаа бүтэн болгохгүй тал тал тийш тарамдаад байвал би алиныг нь ч гүйцэтгэж чадахгүй. Ерөнхийдөө нэг хэсэг бүр 100 хувь энэ ажил руугаа орсон.

 

Анна Каренина гэх жүжгийг анхны удаа Монголд тавих нь. 20 30 жилийн дараа Аннаг шал өөрөөр тавьж болно. Яг энэ цаг үед надтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа хүмүүс дунд болон жүжгийг маань ирж үзэх хүмүүсийн зүрх сэтгэлд дүрээ шигтгэхийг хүсэж байна.

 

-Энэ жүжгээр үзэгчид ямар сэтгэгдэл тээгээсэй гэж хүсч  байна вэ?

 

-Энэ жүжгийг эмэгтэй хүмүүс үзээд нөхрөөсөө өөр хүнд дурлаж болдог гэж ойлгож болохгүй. Анна хайр сэтгэлийнхээ төлөө тэмцсэн. Тэгтэл хүмүүс яг хайрласан уу үгүй юу гэдгээ сайн мэддэггүй санагддаг. Яг үнэн хайр энэ амьдралд цөөхөн ирдэг. Тиймээс хайр дурлалыг таних ёстой. Жинхэнэ хайрынхаа төлөө тэмцэж яагаад болохгүй гэж. Хүмүүсийн хайр нь үнэн хайр биш байх магадлал өндөр. Андуурч эндүүрээд сэтгэл хөдлөлдөө автаж буруу алхам хийж, гэр бүлээ хойш нь тавьж яагаад ч болохгүй. Хайр гэдэг зүйл хүн болгонд ирж мэдрэгддэг зүйл биш ч байж мэднэ. Яг ийм хайрыг мэдрэхгүй хорвоогоос явж болно шүү дээ. Тиймээс эмэгтэй хүний хийх сонголт хамгийн мэргэн бас сэтгэл хөдлөлдөө автаагүй байх чухал санагдсан.

 

Бид чинь их шатаж ажилладаг хүмүүс, хүч гаргаж ажилладаг. Үе үе огших, тэсрэх нь бий. Заримдаа  ядраад хиймээргүй үеүд ч байдаг. Заримдаа юмаа бодоод ганцаараа алхах үе ч байна. Ерөнхийдөө хувь хүний хандлага оруулахгүйн тулд гол шугамаа барьдаг. Мэдрэгдсэн мэдрэмжээ алдаж болохгүй шүү гээд л сатаарахгүй байхыг хичээдэг.

Э.Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сайн жүжигчин юм байх. Би ч нэг киноных нь дүрээр дургүй хүрдэг болчихсон. Гэхдээ тэр дүрийг сайн гаргасан гэж битгий хэлээрэй дээ. Нөгөө Орхидосын ээж нь болдог хэн билээ тэр жүжигчин шиг дүрээ сайн гаргасан гэж ярихад би дургүй. Ер нь өөрсдөө тиймэрхүү болоод л тэр дүрийг сайн гаргадаг гэдэгт итгэдэг. Анна Каренина сайн ойлгож мэдэрч дүр гаргавал гоё дүр гарах л байх. Манайхан уг нь өөрийнхөөрөө гаргавал зүгээрсэн.
2020-09-29
ggg:
даруухан өөрийгөө дөвийлгөөд байдаггүй гоё бүсгүй
2020-09-29
zochin:
Daruu bai busgui min
2020-09-29