"Аватар 2" киноны зураг авалт дуусжээ
2020-09-29

"Аватар 2" киноны зураг авалт дууссан талаар найруулагч Жеймс Кэмерон мэдээлснийг Cinema Blend дамжуулжээ. 

 

"Бид хоёр дахь хэсгийн зураг авалтыг 100 хувь дууссан, "Аватар 3" киноны гүйцэтгэл 95 хувьтай байгаа" хэмээн Жеймс Кэмерон өгүүлсэн байна. Гэхдээ цар тахлын улмаас зураг авалтыг таслахаас аргагүй болсон бөгөөд "Аватар 2" киноны нээлтийг нэг жилээр хойшлуулсан гэж Кэмерон өгүүлжээ. Урьдчилсан мэдээллээр, "Аватар-2" кино 2022 оны 12 дугаар сарын 16-нд нээлтээ хийх аж. 

 

Энд дуулгахад, "Аватар" кино 2009 онд дэлгэцнээ гарч байсан юм. Киног 237 сая долларын төсвөөр бүтээж, дэлхий даяар 2,7 тэрбум долларын орлого олсон бөгөөд 10 жилийн туршид орлогоороо тэргүүлж байв. Харин 2019 онд "Өшөө авагчид: Төгсгөл" кинонд байраа тавьж өгчээ.

 

Өмнө нь Кэмерон "Аватар" киноны хоёр болон гурав дахь ангийн талаарх мэдээлэл өгч байлаа. Түүний өгүүлснээр гол дүрүүд болох Жейк, Нейтири нар урьдын адил хамтдаа мөн найман настай охинтой байх гэнэ. Мөн шинэ ангид эцэг эхийн хооронд гарах маргааныг хүүхдийн өнцгөөс харуулсан нь киноны гол хэсгүүдийн нэг байх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин