Армени, Азербайжаны мөргөлдөөн Төв Азид сөргөөр нөлөөлж болзошгүй
2020-09-30

 

Есдүгээр сарын 27-ны өдөр эхэлсэн Армени, Азербайжаны мөргөлдөөн тус хоёр улсын сөргөлдөөний түүхэн дэх хамгийн том, өргөн цар хүрээтэй тулааны ажиллагаа гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Энэ мөргөлдөөнийг хэн эхлүүлсэн талаар баттай мэдээлэл одоогоор гараагүй, талууд нэг нэгнээ түрүүлж гал нээсэн хэмээн буруутгасаар байгаа юм.

 

Карабахын сөргөлдөөн 1988 оны хоёрдугаар сараас эхтэй. 1988 оны долдугаар сарын 12-ны өдөр Уулын Карабахын мужийн зөвлөл Азербайжаны бүрэлдэхүүнээс гарахаар болсон тухайгаа зарласан бол ЗХУ-ын Зэвсэгт хүчний тэргүүлэгчид Уулын Карабахыг Арменид шилжүүлэх боломжгүй гэсэн тогтоол гаргаж байжээ. Улмаар 1988 оны есдүгээр сараас арменчууд болон азербайжанчуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлж, 1990 оны эхнээс артиллери ашигласан тулаан эхэлсэн байна. 1990 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр холбооны эрх баригчид Уулын Карабах болон ойролцоох бүс нутагт онц байдал тогтоон, 1991 оны дөрөв, тавдугаар саруудад ЗХУ-ын Дотоод хэргийн яамны дотоодын цэрэг болон армийн анги нэгтгэлүүд "Армений хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг" зогсоох ажиллагаа явуулж байв. Улмаар 1992-1994 онуудын зэвсэгт мөргөлдөөний дүнд Азербайжан Уулын Карабах болон түүний ойр орчмын долоон бүс нутгийн хяналтаа алдсан юм.

 

ЗХУ задарснаас хойш энэ бүс нутагт нөхцөл байдал хэдэнтээ хурцдаж байлаа. Тухайлбал, 2016 онд цэргийн мөргөлдөөн гарсны улмаас олон зуун энгийн иргэн амиа алдсан бөгөөд улмаар Орос улс оролцож, энх тайван, аюулгүй байдлыг тогтоохын тулд хоёр талд дарамт үзүүлэх хүртэл сөргөлдөөн үргэлжилсээр байлаа. 

 

Энэ удаад ч мөн бүс нутгийн асуудлыг Орос шийдэхээс аргагүй болж магадгүй талаар шинжээчид таамаглаж байна. Гэхдээ Орос, Турк хоёр өөр өөр талыг дэмждэг тул Туркээс болж нөхцөл байдал хурцдаж болзошгүй мөн онцолжээ.

 

Дэлхийн тоглогчдын байр суурь 

 

Орос улс болон НАТО, Европын холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагууд талуудыг тулаанаа зогсоож, сөргөлдөөнийг дипломат замаар шийдэхийг уриалсан.

 

Харин Турк улс Азербайжаныг дэмжиж байгаагаа илэрхийлж туслахад бэлэн хэмээн мэдэгдсэн юм. Тодруулбал, Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдэгдэл хийхдээ Турк Азербайжаныг дэмжин, тулалдахад бэлэн бөгөөд ингэснээрээ "хоёр орон дахь нэг үндэстнийг хамгаална" хэмээн цохон тэмдэглэж байлаа. Зарим хэвлэлүүдийн мэдээлснээр, Турк улс хэдэн мянган Сирийн хөлсний цэргийг тулааны бүс рүү явуулсан гэнэ. 

 

Харин Оросын тухайд, ОХУ Арменитай  харилцан батлан хамгаалах гэрээтэй бөгөөд энэ улсад Оросын цэргийн бааз байрладаг юм. Гэхдээ одоогоор Орос улс энх тайванд уриалсан, байдлыг харзнасан байдалтай байна.

 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Армщнийн Ерөнхий сайд Никол Пашинянтай утсаар ярилцах үеэрээ "өргөн цар хүрээтэй цэргийн сөргөлдөөн дахин эхэлсэнд нэн санаа зовниж байгаа"-гаа илэрхийлээд байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалсан байна.

 

Өдгөө дэлхий дахины анхаарлыг татаж, дахин халуун цэг болсон Уулын Карабахын мөргөлдөөний сөргөлдөгч талууд нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын /ШХАБ/хэлэлцээний түнш орнууд юм. Тиймдээ ч өнөөгийн сөргөлдөөнтэй холбоотойгоор ШХАБ байр сууриа илэрхийлсэн. 

 

Уулын Карабахд үүссэн хурцадмал байдал ШХАБ нэн санаа зовниж байгааг тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов мэдэгдээд Армени болон Азербайжаныг аль болох түргэн хугацаанд хүч хэрэглэхээс татгалзаж, маргааныг энхийн замаар шийдвэрлэх хэлэлцээ эхлүүлэхийг уриалсан юм. 

 

"Азербайжан болон Армени улстай ШХАБ-ын хэлэлцээний түнш орнууд болохынх нь хувьд Евразийн орон зайд харилцан итгэлцэл, найрамдал, сайн хөршийн уур амьсгалыг бэхжүүлэх хүрээнд олон талт, олон салбарын хамтын ажиллагааг цаашид ч хөгжүүлэхэд бэлэн гэдгээ нотолж байна" хэмээн ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн юм. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Уулын Карабахын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэсэн бол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага сөргөлдөгч талуудыг нэн даруй гал зогсоон, хэлэлцээг сэргээхийг уриалсан. НАТО ч мөн бүс нутагт цэргийн үйл ажиллагаа сэргэсэнд "нэн санаа зовниж байгаа"-гаа илэрхийлсэн байна. 

 

Сөргөлдөөн Төв Азид хэрхэн нөлөөлөх вэ?

 

Уулын Карабахд хурцадсан сөргөлдөөн Төв Азийн орнуудад тодорхой аюул занал учруулж мэднэ гэж олон улсын шинжээчид үзэж байна. 

 

Тэдний үзэж байгаагаар энэ бүс нутагт үүссэн нөхцөл байдал Төв Азийн худалдаа, зарим төслийн хэрэгжилтэд бэрхшээл учруулж магадгүй гэнэ. Тэр дундаа Туркменээс Азербайжан руу хий тээвэрлэх, Кыргыз-Тажикистан-Афганистан-Иран чиглэлд тоног төхөөрөмж болон ачаа тээвэрлэлтийг саатуулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. 

 

Мөн эдгээр бүс нутгуудад "Өмнөд-Хойд" "Дорно-Өрнө" гэсэн төслүүдээр тээврийн чухал зангилаа,  Европыг Азитай холбосон тээвэр харилцааны хонгил болох бүхий л боломж байгааг шинжээчид цохон тэмдэглэжээ. 

 

Каспийн тэнгис болон Хар тэнгисийн  газрын тос болон түүнийг тээвэрлэх замууд нь компаниудын өрсөлдөөн төдийгүй том гүрнүүдийн улс төрийн өрсөлдөөний объект болдог. Энд Орос, Турк, Иран гэсэн бүс нутгийн төдийгүй АНУ, Ази Номхон далайн орнууд, Ойрх Дорнодын орнууд гэсэн олон улсын ашиг сонирхол огтлолцдог юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Усан нүдэт:
Монгол Ази Номхон Далайн орнуудтайгаа явсан нь дээр
2020-09-30