Армени, Азербайжаны мөргөлдөөн: НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гал зогсоохыг уриалав
2020-09-30

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Армени, Азербайжаныг нэн даруй гал зогсоож, урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээ хийхийг уриалсан талаар Вести агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Аюулгүйн зөвлөлийн гишүүд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан байлдааны ажиллагааг зогсоох, хурцадмал байдлыг намжаах, болзол тавилгүйгээр цогц хэлэлцээнд эргэн орох уриалгыг дэмжсэн байна. 

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны Минскийн бүлгийн голлох үүргийг бүрэн дэмжиж байгаагаа илэрийлэн, Армени, Азербайжаныг ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр олон улсын байгууллагатай хамтран ажиллахыг уриалжээ. 

 

Эргэн сануулахад, Уулын Карабахын нөхцөл байдал есдүгээр сарын 27-ны өдөр хурцадсан, одоо энэ бүс нутагт тулалдаан өрнөж байгаа юм. Сөргөлдөгч талууд болох Азербайжан, Армени улсуудад дайны байдал тогтоон, дайчилгаа зарласан бөгөөд хоёр тал хоёул хүний хохирол амссан, энэ дунд энгийн номхон иргэд ч багтаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин