Л.Мөнхтүшиг: Тусгай үүргийн нислэгээр 15 улсын 216 иргэн ирсэн
2020-09-30

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.30/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: 

 

-УОК, Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн хугацаанд нийт 82 тусгай үүргийн нислэг үйлдсэн байна. Авто болон агаарын замаар нийт 22973  иргэнийг эх оронд нь авч иржээ.  Үүнээс агаарын замаар 16438, авто замаар 6535 ирсэн. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан цөөн тооны иргэдийг өчигдөр/2020.09.29/ Замын-Үүд боомтоор татан авлаа. 

 

Сүүлийн өдрүүдэд иргэд нутаг буцах хүсэлтээ цуцалж байна. Анх 130 иргэн авто замын боомтоор ирнэ гэж тооцож байсан ч өчигдрийн байдлаар  Замын-Үүд боомтоор 30 иргэн нэвтэрсэн.

 

Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэг аравдугаар сарын 01-нд бууна. Энэ нислэгт 10 гаруй суудал хоосон ирж байгаа.  Аравдугаар сард төлөвлөж байгаа нийт 11 нислэг байгаа. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн улс орон бүс нутгийг харгалзаж эдгээр нислэгийг төлөвлөсөн. Сөүл-Улаанбаатар чиглэлийн долоон удаагийн нислэг үйлдэнэ. Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэг дахин үйлдэх эсэхийг транзит нислэгээр ирэх хүний тоо, нөхцөл байдлыг дахин тодруулсны дүнд шийдвэрлэнэ. 

 

УОК-ын шийдвэрээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжтой гадаадын иргэдийг тодорхойлсон байдаг. Үүнд, 

 

  • Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэн,тэдгээрийн  үр хүүхдүүд
  • Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудын ажилтнууд, тэдгээрийн хүүхдүүд
  • Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэн

 

Энэ хүрээнд есдүгээр сарын 29-нд Сөүл хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж зөвхөн гадаад иргэдийг авч ирэх нислэгийг зохион байгуулсан. Уг нислэгээр 15 улсын 216 иргэн Монгол Улсад ирсэн. Тухайн иргэдийг тусгаарлаж байгаа зочид буудлууд нь Монгол Улсын иргэдийг байрлуулж байгаа байрнаас тусдаа байгаа.

 

Дэлхийд коронавирусийн хоёр дахь давлагаа эхэлсэн гэсэн мэдээлэл бий. Хөл хориогоо цуцалж  дэглэмээ сулруулж байсан улс орнууд дахин чангатгасан. Тиймээс  хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд анхаарал болгоомжтой байж, тухайн улс орноос тогтоосон горим заавар зөвлөмжийг биелүүлэхийг уриалж байна. 

 

Өнөөдрийн байдлаар олон нийтийн үйлчилгээний газар цуглах, сургуулийн үйл ажиллагааг цуцалсан 88 улс байна. Дотоодын хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоосон 57 улс байна. Гадаад улстай хилээ хэсэгчилсэн болон бүрэн хаасан 108 улс бий. 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин