Венесуэлд бензиний хомстлоос үүдэн эсэргүүцэл дэгдэв
2020-10-01

Эдийн засаг, улс төрийн хямрал нүүрлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн Венесуэл улсад ард иргэд нь дахин үймж эхэлжээ. Олон улсын агентлагуудын мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд тус улсад олон зуун эсэргүүцлийн арга хэмжээ болсон байна. Үүний шалтгаан нь тус улсад нүүрлэсэн бензиний хомстол бөгөөд үүний зэрэгцээ цахилгаан эрчим хүч байнга тасалддаг, ундны ус хүрэлцээгүй байгааг иргэд эсэргүүцэн жагссан талаар ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Эдгээр эсэргүүцлийн арга хэмжээ Яракуй мужид эхэлсэн байна. Хүмүүс гудамжинд цуглан, орон нутаг дахь иргэдийн ашиг сонирхлыг үл хэрэгсэж байгаад эрх баригчдыг буруутгажээ. Тэд гагцхүү Каракас хотын асуудал, хэрэгцээг л шийдэж байна хэмээн буруутгасан байна.

 

Улмаар цахилгаан эрчим хүч, ус байнга тасалдагийг зогсоож, орон нутгийг хангалттай хэмжээний бензин, хийгээр хангахыг шаардсан байна. Эсэргүүцлийн жагсаалыг хүчний байгуулагууд тараасан бөгөөд ийнхүү тараахдаа нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглаж, мөн улс даяар олон хүн баривчилжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин