ШУУД: Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар ажиллаж байна
2020-10-01

 

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж байна. Энэ нь шинэ парламентын анхны намрын чуулган юм. 

 

 

Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурал анхны ээлжит чуулганаа эхлүүлж байгааг тэрбээр дурдаад “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Анхдугаар чуулган өнгөрсөн 30 жилд байгаагүй богино хугацаанд Засгийн газраа байгуулж ажилдаа шуурхай орсон. Ингээд ээлжит бус чуулганаараа Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн Үндсэн чиглэлийг баталсан. Эдгээр баримт бичигт багтсан зорилтууд нь улс орны нийгэм, эдийн засгийг сэргэн мандлын шинэ замд гаргах, ард түмнийхээ амьдралын нөхцөл, орлогыг дэлхийн тэргүүлэх жишигт хүргэхэд чиглэгдсэн. Ийм эрс өөрчлөлт шинэчлэлт хийж, иргэнээ дээдэлсэн төр, хөгжлийг тэтгэсэн эдийн засаг, хууль засагласан нийгмийг тохинуулах үйл хэрэгт Засгийн газар, шинэ парламентын гишүүд ханцуй шамлан орж ажлын хэсэг, бүлгэмүүд байгуулан ажиллаж байна” гэлээ. Ард иргэд мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонсдог мэргэжлийн парламент байхыг Улсын Их Хурлын гишүүд эрмэлзэж, Цаашид уламжлал болгон ээлжит чуулганы өмнө хэлэлцүүлэг, нийтийн сонсголууд зохион байгуулсныг Улсын Их Хурлын дарга хэлэв.

 

Намрын ээлжит чуулганаар улс орны нийгэм, эдийн засгийн олон салбар, чиглэлийг хамарсан 122 хууль, шийдвэрүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн тул Улсын Их Хурал цаг хугацаатай уралдаж ажиллах шаардлагатай байгааг мөн дурдав. Төсөв, Төрөөс мөнгөний талаар 2021 онд баримтлах  үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаас баталсан зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдтэй уялдаатай авч хэлэлцэх юм. Улсын Их Хурлын эл шийдвэр гарснаас хойш зээлийн хүү 1 хувиар буурсан сайн мэдээг Г.Занданшатар дарга ээлжит чуулганы нээлтийн үеэр танилцууллаа. Цаашдаа жил тутам дор хаяж нэг хувь буулгахаар төлөвлөж байгаа аж. Банкны зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар Улсын Их Хурал, Засгийн газар хамтран ажиллаж байгааг энэ үеэр дурдсан.

 

 

Монгол Улс саарал жагсаалтаас гарах тайлангаа 4 сард хамгаалсан 6 үүрэг даалгавраас 4-ийг биелүүлсэн байгаа бөгөөд үүнийг газар дээр нь хянан шалгахаар Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ -аас ирсэн ажлын хэсэг ирээд байгаа юм. Монгол Улсын төр засаг мөнгө угаахтай тэмцэх үүрэг амлалтандаа тууштай байгааг Улсын Их Хурал дахин нотолж байгааг Г.Занданшатар дарга илэрхийлэв.

 

 

Энэ удаагийн ээлжит чуулган Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн өдрүүдтэй давхцаж байгаа бөгөөд Улсын Их Хурлын дарга “Өдгөөгөөс 30 жилийн тэртээ Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгууль болж, Ардын Их Хурлыг байгуулан, БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Улсын Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллах анхны Засгийн газрыг, байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг зохион байгуулж байсан түүхтэй билээ” хэмээгээд гишүүдэд төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага-парламентын 30 жилийн ойн мэндчилгээг дэвшүүллээ. Ойн хүрээнд өнгөрсөн 30 жилийг дүгнэн цэгнэх, шинэ ирээдүйн зорилтоо тодорхойлох, энэ чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Үндсэн хууль, парламентат ёсоо сурталчлах, төр-ард түмний хэлхээ холбоог бэхжүүлэх, “E-parliament”-д шилжих зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгааг онцоллоо.

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин