Ё.Далх-Очир: Урлагийн элементүүдийг задалж сэтгэлгээний орон зайд гаргасан
2020-10-01

Хэрэв таны үзэхээр очсон үзэсгэлэнд нэг удаагийн уутаар бүхэлд нь доторлож бүрхсэн өрөө, өөр нэг хэсэгт хар даавуу хананаас унжуулж шалаар урсгал мэт дэвссэн байвал та юу гэж ойлгох байсан бэ? Ийм нэг хачин жигтэй "Контемпорари" үзэсгэлэнг Улаанбаатар чуулгын танхимаас үзсэн юм. Энд буруу харж зогссон бөөгийн үзүүлэн, түүний дээлээс унжиж зүүгдсэн могой зэргийг чулуун гэрээр тойруулсан байх аж. Тэр бүгд нь хуучны дөрвөлжин телевизороор уран бүтээлчийнх нь урлан толилуулах явцын дүрс, хоолой, өнгө гэрлийн нийлэмжит эвлүүлгээс бүтсэн байв.

 

Уг үзэсгэлэн бүхэлдээ гайхал төрүүлэх хэдий ч содон санагдсан цөөн бүтээлийн талаар хүүрнэе. Хоосон өрөөний хана, тааз, шал гээд бүхэлд нь улаан судалтай уутаар доторлосон байв. Ийн доторлосон өрөөний голд хар шороогоор умайг дүрсэлсэн бололтой. Энэ үзэсгэлэнгийн нэр нь “Сав ертөнц”. Уран бүтээлч Б.Энхтуяа байгаль эх, сав ертөнцөд гялгар уутны хор хөнөөлийг ийн дүрсэлснээ тайлбарлахдаа “Дэлхий нийтэд хамгийн их тулгамдаад буй байгаль орчны асуудлууд нь цөлжилт, агаар, ус, хөрсний бохирдол юм. Энэ нь эргээд хүн төрөлхтнийг өөрийг нь тэжээн тэтгэж буй сав орныг сүйтгэж байгааг харуулахыг энэ бүтээлээр зорьсон” гэж тайлбарласан юм. Яг энэ тайлбар, тэрхүү бүтээлээр Контемпорари урлагийн өчүүхэн хэсгийг ойлгож болох мэт.

 

 

Уран бүтээлч Ц.Солонгын “Солонгон төөрөгдөл” бүтээлийг харахад хананаас хар даавуу унжуулж хоёр салаа болгон урсгал мэт дэвсэж зарим хэсгээр нь энхэл донхол гарган, доор нь хонхор зүйл байршуулж, хар даавуун дээрээ ус тогтоосон байв. Энэ бүтээлийг Ц.Солонго тайлбарлахдаа “Энэ хар даавуугаар голын  ширгэж харласан гэдгийг харуулсан. Хүмүүс хөгжлийн явцад амьдралын хэрэгцээгээ хангаж, шатаа ахиулсаар л. Үүний тулд байгалиас “өгөгдсөн” органик хэрэглээгээ багасгаж байна. Контемпорари ертөнцийн зайлшгүй хэрэгцээнд синтетик буюу органик бус бүтээгдэхүүн юм. Ийм зүйл биднийг хүрээлсэн.

 

Зэрэгцэн орших синтетик, органик бус орчлонг “Солонгон төөрөгдөл” бүтээлдээ дүрсэллээ. Урсан буй голын дундаас энэ бүтээл эхлэлтэй бөгөөд урсгал устай хар даавуу нэгдэж, голын ширгэсэн сайрыг бүхэлд нь бүрхэж байгальтай уусан байршсан. Бүтээлд голын ус органик ертөнцийг харин хар даавуу нь синтетик ертөнцийг илэрхийлсэн” гэж тайлбарлав.

 

 

Нэг төрлийн зан үйл мэт энэ урлагийг хүмүүс тэр аяараа мэдэхгүй ч үзэж харан тунгаавал оюуны чөлөөт сэтгэлгээ гэмээр аж. Энэ урлагийн талаар “Хөх нар” Монголын Контенпорари урлагийн төвийн тэргүүн, Куратор Ё.Далх-Очир:

 

-Урлагийн элементүүдийг задалж сэтгэлгээний орон зайд гаргасан. Уран зураг эсвэл баримлаар харьцдаг харьцаа биш. Контемпорари урлаг маш том массыг хамруулдаг. Контемпорари уран зураг, контемпорари баримал гэж байдаг. Мэргэжлийнхээ хувьд маш том хүрээ. Энэ бүтээлүүд нь  өрөг орон зайн урлаг гэгддэг. Үүнээс гадна Лэнд-арт буюу газар орон зайн урлаг гэж бий. Энэ байгаа бүтээлүүд нь газар орон зайны урлагт хийсэн үйлдлээ энэ танхимд үзүүлэхдээ өрөг байршлын урлагаар үзүүлж багаа юм. Дээрээс нь медиа, дижитал арт гэж байдаг. Энд байгаа бүтээлүүд медиа дижиталаар дэлгэцээр үзүүлж байна. Үүнд хүний таван мэдрэхүй бүгд багтсан. Үзэх, сонсох, хүрэх гээд бүгд багтдаг.

 

Монголын Контемпорари урлаг 2015 оноос эхлэн Венецийн финалд оролцож эхэлсэн. Энэ нь спортоор яривал олимп шиг л том наадам. Тэр фестивальд Монголын бүтээл оролцож эхэлсэн. Энэ урлагийн хамгийн том агуулга нь кино уран бүтээл, дуу авиа, уран зураг, хөгжим, баримал гээд тэр бүх элементүүдийг хадгалан уран бүтээлчдээс маш өндөр мэдлэг, мэдрэмжийг шаарддаг. Үүнд уран бүтээлчид өөрсдийгөө шавхаж харуулна. Би контенпорари урлагийг сэтгэлгээний орон зайн урлаг гэж нэрлэх дуртай. Бид сэтгэлгээндээ орон зайгаа бий болгож чаддаггүй. Бидэнд байгаа оюун ухаан хэзээ ч дүрэм журмаар хязгаарлагдахгүй. Бидний сэтгэлгээ орон зайд оршдог. Иймээс л сэтгэлгээний орон зайн урлаг гээд байгаа юм шүү дээ. Энэ урлагийн ноён оргилуудыг хараад оюун ухаан ямар гэгээлэг юм бэ дээ гэж хардаг.

 

Энэ урлагийг ойшоож ойлгоогүй хүнд контемпорари урлаг нь зан үйл мэт. Харин ухаарч, сэхээрч ойлгосон нэгэнд бол зүрх сэтгэлийн гэгээрэл, амьдралын учир болдог гэлээ. Эл урлагийн зах зухтай танилцсан минь энэ.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
irgen:
энэ их мундаг хүн дээ Далхаа
2020-10-01