Дархан арьс ширний цогцолборын төслийн явцтай танилцлаа
2020-10-01 10:29

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.29/ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хонгор сумын нутагт баригдаж буй Дархан арьс ширний цогцолборын төслийн ажлын явцтай танилцлаа.

 

Жилд 10 сая тонн арьс, шир, 11 мянган тонн ноос, нэг мянган тонн ноолуур боловсруулах үндэсний хэмжээний үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулснаар дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм.

 

Төслийн ерөнхий төлөвлөгөөг Испани улсын “ИПАП инженеринг” компани хийж, төслийн инженер геологийн судалгаа, арьс ширний үйлдвэр, дэд бүтцийн байгууламжийн ажлын зургууд хийгдсэн байна.

 

Улмаар өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд арьс, шир боловсруулах үйлдвэрүүдээс гадна бохир ус цэвэрлэх байгууламж, цахилгаан түгээх, хангах дэд станц, инженерийн шугам сүлжээ, уурын станцын дэд бүтцийн ажлууд хийгдэж байна.

 

Цогцолборын бохир ус цэвэрлэх байгууламжийг барихдаа европын шалгарсан технологийг нэвтрүүлж, ажлыг монгол инженерүүд гардан хийж байгаа тухай төслийн баг онцолж байв. Улмаар тус байгууламжаас гарсан усыг Дархан хотод үйл ажиллагаа явуулж байгаа төмрийн болон бусад үйлдвэрт дахин ашиглах боломжтой учраас эдийн засаг болон экологийн өндөр үр өгөөжтэй гэлээ.

 

Төслийн хүрээнд цахилгаан, дулааны дэд бүтцийн асуудлууд шийдэгдэж буй учраас Дархан хотын орхигдоод байсан үйлдвэрийн обьектуудыг сэргээх, мөн аж үйлдвэрийн бүс өргөжин тэлэх боломж нээгдэж байна.

 

Мөн нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, ажилчдын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаас эхний ээлжинд 918 айлын орон сууц барих 7 га газрын зөвшөөрлийг авсан байна.

 

Улмаар Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын хөтөлбөрт хөдөө аж ахуйн ангийг нэмэх чиглэлд холбогдох байгууллагууд ажиллаж байгаа юм.

 

Төслийн баг нь цогцолборын борлуулалтыг гадаадын зах зээлд хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд Испани улсын урт хугацааны хамтрагч компанид эхний ээлжинд 600 мянган ширхэг бог малын боловсруулсан арьс, шир нийлүүлэх туршилтын гэрээ хийжээ.

 

Дархан арьс ширний цогцолбор төслийн хүрээнд дотоодын арьс, ширний компаниудыг Испани болон бусад орнуудын арьс ширний компаниудтай хамтарсан олон улсын аж үйлдвэрийн парк болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

 

 

Дархан-Уул аймгийн 307 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.29/ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг 307 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа. Үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 17, Хоёрдугаар зэргийн одонг 290 ээжид тус тус хүртээж, баяр хүргэв.

 

ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

 

Монголын үзэсгэлэнт сарангуа эхчүүд ээ,

 

Үр хүүхдийнхээ гэрэлт наран болсон ээжүүд ээ,

 

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, үндэстний ирээдүй, өрх гэрийн гэрэл гэгээ болсон энхрий бяцхан үрсээ өлгийдөн авч, сэтгэл тэнүүн өсгөн хүмүүжүүлж байгаад тань халуун талархал илэрхийлье.

 

Ирээдүйн монголыг бүтээх үр хойч, залуу үеийг өсгөн хүмүүжүүлэхийн төлөө ээж Таны хийж байгаа цаг наргүй  хөдөлмөр бол иргэнийхээ хувьд, эмэгтэй хүнийхээ хувьд улс орныхоо хөгжил дэвшилд оруулж буй үнэлж баршгүй үнэ цэнтэй гэгээн үйлс мөн. Ийм ч учраас монголын төр ээжүүддээ талархал илэрхийлж, жил бүр төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг хүртээж, хүндэтгэл  үзүүлдэг юм.

 

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдсон. Тийм учраас  тодорхойгүй хугацаагаар хүлээлт үүсгэсэн “Эхийн алдар” одонг  засаг захиргааны нэгжид ажиллах үеэрээ цар тахлын хорио цээрийн дэглэмд нийцүүлэн өөрийн биеэр хүртээх нь зүйтэй гэж үзсэн юм.

 

Энэ жил улсын хэмжээнд 10,677 ээжид  “Эхийн алдар” одон хүртээх бөгөөд өнөөдөр Дархан-Уул аймгийн 307 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 17, Хоёрдугаар зэргийн одонг 290 ээжид гардууллаа. Баяр хүргэе!

 

Мөн хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон хүртэж байгаа Дархан сумын иргэн Нармандахын Наранбайгальд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!

 

Монгол Улсын хамгийн үнэт баялаг нь хүн, тэр дундаа хүүхэд юм. Иймээс хүн ам цөөтэй Монгол Улсын төрийн бодлогыг эхчүүдийг дэмжих, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, боловсролд анхаарал хандуулах замаар хүүхдийн ирээдүйг хамгаалахад чиглүүлэх ёстой. “Эхийн алдар” одон бол энэ бодлогын нэгээхэн хэсэг, эхчүүдийн хичээл зүтгэл, эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмрийг төр өндрөөр үнэлж буйн илэрхийлэл юм. Монгол Улсын бяцхан иргэд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних нөхцөлийг хангахын тулд  төр үүнээс ч илүүг хийж, хүүхэд хамгааллын сайн бодлого хэрэгжүүлэх ёстой. Хүүхдийг хамгаална гэдэг Монголын ирээдүйг хамгаалж байгаа хэрэг бөгөөд төрийн үндсэн үүрэг мөн.

 

Тийм ч учраас миний бие 2018 оноос эхлэн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлиг гаргаж, санаачилгатай ажиллаж байна. Цаашид хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой олгохын хамт ээжүүдийн хүүхдээ өсгөн бойжуулахад зориулж байгаа цаг наргүй хөдөлмөр, хичээл зүтгэлийг бодитойгоор үнэлж цэгнэх цаг болсон гэж үзэж байна. Энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, цаашид бодит үр дүнд хүргэхийн төлөө шахаж шаардаж ажиллах болно.

 

Өнөөдөр одонгоо гардан авсан, бидний хайр хүндэтгэлийн эзэн-ээжүүд Та бүхэндээ болон Дархан-Уул аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ чин сэтгэлийн угаас халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын маань үрс маш олон болж, аз жаргал, цог золбоо дүүрэн өсөн торних болтугай” гэлээ.

Эх сурвалж: President.mn

Shuud.mn
Сонин хачин