ФОТО: Шинэ парламентын анхны ээлжит ЧУУЛГАН
2020-10-01

 

УИХ-ын найм дахь  удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент анхны ээлжит чуулганаа эхлүүллээ. Ээлжит намрын чуулганыг нээж УИХ-ын дарга үг хэлсэн юм. Тэрбээр  “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Анхдугаар чуулган өнгөрсөн 30 жилд байгаагүй богино хугацаанд Засгийн газраа байгуулж ажилдаа шуурхай орсон. Ингээд ээлжит бус чуулганаараа Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн Үндсэн чиглэлийг баталсан. Эдгээр баримт бичигт багтсан зорилтууд нь улс орны нийгэм, эдийн засгийг сэргэн мандлын шинэ замд гаргах, ард түмнийхээ амьдралын нөхцөл, орлогыг дэлхийн тэргүүлэх жишигт хүргэхэд чиглэгдсэн. Ийм эрс өөрчлөлт шинэчлэлт хийж, иргэнээ дээдэлсэн төр, хөгжлийг тэтгэсэн эдийн засаг, хууль засагласан нийгмийг тохинуулах үйл хэрэгт Засгийн газар, шинэ парламентын гишүүд ханцуй шамлан орж ажлын хэсэг, бүлгэмүүд байгуулан ажиллаж байна” гэлээ. Ард иргэд мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонсдог мэргэжлийн парламент байхыг Улсын Их Хурлын гишүүд эрмэлзэж, Цаашид уламжлал болгон ээлжит чуулганы өмнө хэлэлцүүлэг, нийтийн сонсголууд зохион байгуулсныг Улсын Их Хурлын дарга хэлэв.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Мөн Ерөнхийлөгч чуулганы нээлтэд оролцож, үг хэлж, шинэ гишүүдэд захиас санууулга хэлж, басхүү шүүмжлэв.  Ерөнхийлөгч Х.Баттулга "Коронавируст цар тахлын гамшгийг тойрч гарсан улс одоохондоо хараахан алга байна. Монгол Улсын хувьд есөн сарын турш дотооддоо вирусыг алдахгүй байхад хамаг хүчээ дайчиллаа. Энэ үйлсэд хүчин зүтгэсэн эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, хил хамгаалахын олон мянган ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлье. Цар тахлын улмаас бидний амсаж буй гол хохирол бол экспортын орлогоо алдсан явдал юм. Цаашид цар тахлын хоёр дахь давалгаа хэр их хүрээг хамарч, хэр хүчтэй тархах зэрэг нь тодорхойгүй төлөвт байна. Ямартай ч бид бэлэн байдлаа хадгалж, сонор сэрэмжээ алдахгүй байх, хамгийн гол нь эдийн засгаа сэргээх, экспортын орлого олоход оновчтой бодлого, шийдвэр гарган ажиллах нь тун чухал байна.

 

Шинэ УИХ-ын анхны ээлжит чуулган эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ирэх жилийн төсвийг алдагдалгүйгээр батлахад илүүтэй анхаарахаас аргагүй болж байгааг сануулахаар энэхүү хуралдаанд оролцож, үг хэлж байна" гэлээ. 

 

Намрын ээлжит чуулганаар улс орны нийгэм, эдийн засгийн олон салбар, чиглэлийг хамарсан 122 хууль, шийдвэрүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Занданшатар шударга хүн биш:
Шударга ёсыг тогтооно гэдэгт эргэлзэж байна
2020-10-01
irgen:
Их хурлын дарга та албан тушаалаа ашиглаж эгч Батцэцэгийгээ мэргэжлийн бус ажилд томилж, төрийн ажлыг замхруулахаа болиоч. Эгч чинь Иргэний нисэхийн дүрэм гэдэг юмаа мэдэхгүй шившиг болж байна шүү дээ. Ингэж төрийн албыг завхруулахаасай ичих нүүр, булчирхай эгч дүү хоёрт байхгүй юу?
2020-10-01
Занданшатар шударга хүн биш:
Шударга ёсыг тогтооно гэдэгт эргэлзэж байна