УДБЭТ "Учиртай гурван толгой”-оор улирлын нээлтээ эхлүүлнэ
2020-10-01
Гэрэл зургийг УДБЭТ-ын фэйсбүүк хуудаснаас ашиглав.

 

Энэ онд Монгол Улсад хөгжмийн театр үүсч хөгжсөний 70 жилийн ой,  УДБЭТ-ийн тоглолтын 58 дахь улирал тохиож байгаа. Монголын сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТ-ын хамт олон 58 дахь тоглолтын улирлын нээлтээ энэ сарын 03,04-ний өдрийн  17 цагт Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” балетаар нээх гэж байна. 

 

Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьжээ.

 

Тоглолтын 58 дахь улирлын нээлтийн үйл ажиллагааны тоглолтын удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд  туслах найруулагчаар МУГЖ Х.Гэрэлчимэг, хөтлөх найруулагч МУСТА Б.Туул нар ажиллах аж.

 

 

Дүрүүдэд:

 

  • Юндэн/жирийн ард/ -Л.Бүүвэйбаатар
  • Нансалмаа/Юндүнгийн сүйт бүсгүй/- Ш.Наранчимэг МУСТА
  • Хоролмаа/Юндэнд сэтгэлтэй бүсгүй/-С.Мөнгөнцэцэг МУГЖ
  • Балган/Хошуу ноён/-О.Хүрэлбаатар МУСТА
  • Худалдаачин-Э.Отгонбат
  • Дууч- Б.Мөнхбаатар МУГЖ, Ц.Мөнхболд УГЗ,
  • Хуурч-Ард өвгөн-Ө.Цэрэнчут МУСТА
  • Замын тосуул-Д.Эрдэнэ-Очир СТА, Б.Алтанхуяг МУСТА
  • Бүүвэйч-Г.Доржхорол МУГЖ
  • Согтуу ноён-М.Даваадорж МУСТА
  • Балганы дагуулууд-С.Бат-эрдэнэ СТА, Л.Болдцэрэн, Б.Монголхүү, Г.Дашчанрав, Э.Мөнхтөр,
  • Хатад-Г.Энхцэцэг МУСТА, Ж.Иймаа
  • Лам-Н.Төмөрсүх МУСТА
  • Юндэнгийн дагуулууд-Э.Амарсайхан, Б.Энхсайхан МУСТА, УДБЭТ-ийн найрал дуучид, Симфони найрал хөгжимчид оролцоно.

 

 

Ж.Мэнд-Амар”Үйлийн гурван толгой” балет

 

Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн зохиол “Учиртай гурван тоглолт” дуулалт жүжгийн эх зохиолыг үндэслэн “Үйлийн гурван толгой” Монголын сонгодог балетыг 1987 онд ХБ, ТШ Б.Жамяъндагва дэглэн найруулж УДБЭТ-ын тайзнаа тоглогдсон.

 

Уг зохиол нь 19-р зууны сүүлийн хагаст Монголын Дорнод нутагт болсон бодит түүхээс сэдэвлэн бичсэн бөгөөд анх “Учиртай гурван толгой” жүжгийн зохиолын гарчгийг тавихдаа үйл явдал болсон нутаг усны нэрээр “Үйлийн гурван толгой” хэмээн нэрлэж байсан байна.

 

Балетмэйстер АЖ,ХБ,ТШ Б.Жамъяндагва уг зохиолыг судалж үзсэний үндсэн дээр агуулга, чанар, зохиомж, хэллэгийн хувьд ямар ч үед үл өөрчлөгдөн, мөнхрөх үлдэх суут бүтээл байсан хэмээн үзсэн учраас уг зохиолыг утга сана, түүний уран чадварыг шүтэж өөрийн мэргэжил болох сонгодог балетын хэлээр бүтээл туурвих санаа төрж, санаа шулуудан “Үйлийн гурван толгой” балетыг туурвисан байна. Ийнхүү монголын үндэсний эмгэнэлт балет төрөн гарсан түүхтэй аж.

 

Тоглолтын 58 дахь улирлын нээлтийн үйл ажиллагааны тоглолтын удирдаачаар МУСТА Ц.Гансүх, хөтлөх найруулагчаар МУСТА Д.Цэрэндаваа нар ажиллана.

 

Дүрүүдэд:

 

  • Юндэн /жирийн ард/-А.Эрдэнэболд МУСТА,
  • Нансалмаа-/Юндэнгийн сүйт бүсгүй/ Б.Саруул МУСТА,
  • Хоролмаа/Юндэнд сэтгэлтэй бүсгүй/-Б.Баасансүрэн МУСТА,
  • Балган/ хошуу ноён/-Э.Эрдэнэжаргал МУСТА,
  • Ноён-М.Од МУСТА,
  • Хатан-Э.Ууганцэцэг,
  • Өвгөн сахиул-С.Ганбат МУСТА,
  • Бор охин-Ч.Дүүрэнжаргал,
  • Худалдаачин-Т.Хан-Очир,
  • УДБЭТ-ийн балетын жүжигчид оролцож, Симфони найрал хөгжимчид хөгжимдөнө.  

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин