COVID-19: Япон улс гадаад иргэдийг нэвтрүүлэх хязгаарлалтаа сулруулав
2020-10-01

Өнөөдөр буюу 10 дугаар сарын нэгний өдөр Япон улс жуулчдаас бусад гадаадын иргэдийг нутаг дэвсгэр рүү нь нэвтрэх хязгаарлалтуудыг сулруулсан талаар Kyodo мэдээллээ. 

 

Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр, оюутны визтэй бүх улсын иргэд, Японы компанийн ажилтнууд тус улсад очсоныхоо дараа хоёр долоо хоногийн хугацаанд тусгаарлагдан, ажил олгогч болон ивээн тэтгэгч байгууллагийнхаа хяналтанд байх нөхцөлд Япон руу нэвтрэх боломжтой болжээ. 

 

Гэхдээ Япон руу нэвтрэхийг зөвшөөрөх иргэдийн тоонд тодорхой хязгаарлалт тогтоосон байна. Цаашлаад нисэх буудлууд дээр коронавирусийн халдварын тест авах цэгүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр гадаадаас ирэх иргэдийн квотыг нэмэх аж. 

 

Хязгаарлалтын сулруулахаар төлөвлөж байгаа талаар Японы хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт мэдээлж байлаа. Тодруулбал, Японы Засгийн газар халдварын дэгдэлт харьцангуй багад тооцогдож байгаа 16 оронтой иргэдийг нь нэвтрүүлэх талаарх хэлэлцээ хийж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан юм.

 

Энд дуулгахад, Японд 10 дугаар сарын нэгний өдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол 83 мянгыг давж, үүнээс 1,5 мянга хүн нас барж, 76 мянган хүн эдгэрчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин