Ц.Төвшинтөгс: Театрын урлагийг “Учиртай гурван толгой” дуурьгүйгээр төсөөлөхийн аргагүй
2020-10-02
Гэрэл зургийг УДБЭТ-ын фэйсбүүк хуудаснаас ашиглав.

 

Энэ онд Монгол Улсад хөгжмийн театр үүсч хөгжсөний 70 жилийн ой,  УДБЭТ-ийн тоглолтын 58 дахь улирал тохиож байгаа. Монголын сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТ-ын хамт олон 58 дахь тоглолтын улирлын нээлтээ энэ сарын 03,04-ний өдрийн  17 цагт Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” балетаар нээх гэж байна. Энэ талаар УДБЭТ-ын ерөнхий захирал Ц.Төвшинтөгстэй ярилцлаа.

 

-УДБЭТ-ын 58 дахь улирлын тоглолтын гол онцлог нь юу байх вэ?

 

-УДБЭТ-ын 58 дахь улирлын тоглолт эхлэх гэж байна. 10 сарын хугацаанд урлаг соёлын үйл ажиллагаа зогсож, төлөвлөж байсан тоглолтууд бүгд цуцлагдлаа. УОК-ын шийдвэрээр  олон нийтийн үйл ажиллагааг хэвийн явуулах шийдвэр гарсантай холбогдуулаад 58 дахь удаагийн тоглолтоо энэ сарын 03-ны өдөр нээж байна. Энэ удаагийн  тоглолтоо “Учиртай гурван толгой” дуурь, “Үйлийн гурван толгой” балетаар эхлүүлж байгаа. Уран бүтээлчид 10 сарын хугацаанд тайзан дээрээ гарахгүй байна гэдэг бол маш их урам зориг мохдог юм байна. Сая "Соёлын цаг" хөтөлбөр хэрэгжлээ. Энэ нь зарим нэгэнд нь таалагдаагүй байх. Уран бүтээлчдийн хувьд тайзан дээр гарна гэдэг очсон газрын тайз ямар байхаас үл шалтгаалаад олонтойгоо л байвал сайхан байдаг. УДБЭТ өмнө нь бүтэн жилээр тоглолтын төлөвлөгөөгөө гаргадаг байсан. Харин энэ жил коронавирус цар тахлын улмаас гурав сараар төлөвлөгөөгөө гаргаж байгаа. Гурван сарынхаа бодлогод үндэсний сонгодог бүтээлүүд, хүүхдэд зориулсан бүтээлүүдийг  түлхүү оруулна. Нөгөө талаас нь Улаанбаатар хотын харьяа, дүүргүүдэд хүрч  үйлчилье гэсэн зорилготой.  Энэ онд Монгол Улсад хөгжмийн театр үүсч хөгжсөний 70 жилийн ой тохиож байгаа.  Ойн арга хэмжээ жилээр хойшилсон.

 

Бид 58 дахь улирлын туршид “Хүмүүсийн хандлагыг өөрчилье” гэсэн уриаг дэвшүүлж байгаа. Тиймээс сарын хоёр дахь долоо хоногийн тав дахь өдөр бүр “Талархал” гэсэн тоглолт зохион байгуулна. Эрүүл мэндийн байгууллагын ажилчид, цагдаа зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд цаг наргүй ажиллаж байгаа албан хаагчид болон бүх л хүнд талархлаа илэрхийлэх гэж ажиллаж байна.

 

-Улирлын тоглолтын хугацаанд ямар ямар дуурь, балет тавигдах вэ?

 

-“Учиртай гурван толгой” дуурь дунджаар 200 гаруй алдартанг төрүүлсэн байдаг. Учиртай гурван толгой өөрөө дуурь хэлбэрээр байдаг боловч дүр бүтээж байгаа уран бүтээлчид  өөрчлөгдөж байдаг. Үзэгчид, хөгжмийн боловсролтой, сонгодог урлагийг дээдэлдэг хүмүүс өөр өөрийн гэсэн оюуны таашаал мэдэрдэг. Тийм ч учраас хүмүүс өөрийн гэсэн дүнг тавьдаг.

 

Нөгөө талаас байнга шинэчлэгдэж боловсронгуй болж явах ёстой. Энэ дуурь тавигдах болгондоо өөрчлөгдөж шинэчлэгдэж байдаг. Зургадугаар сарын 30 хүртэл 58 дахь улирлын тоглолт явагдана.

 

-Уран бүтээлчид багагүй хугацаанд тоглолтгүй байлаа. Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” балет, тоглолтын бэлтгэл 100 хувь хангагдсан уу?

 

-Хэвийн байдалдаа эргэн шилжих байх гэсэн хүлээлттэй байсан учраас байнгын бэлтгэл сургуулилт хийж байлаа. Тайзан дээрээ гарахыг их хүлээхээр урам зориг алдардаг юм байна. Харин одоо уран бүтээлчдээ тайзан дээр харах сайхан байна. Үзэгчдийнхээ өмнө тоглохыг хүсэн хүлээж байна.

 

 

-Үндэсний урлагийн Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” балет эдгээр бүтээлийг яагаад үзэх ёстой вэ?

 

-Бид хүн төрөлхтнөөс юугаараа өөр вэ? Энэ бол бидний үндэсний өв соёл. Монгол хүний дархлаа бол өв соёл юм. Жишээлбэл, монгол бичиг бидний дархлаа. Тиймээс “Учиртай гурван толгой”, “Үйлийн гурван толгой” балет хоёр зэрэг үндэсний бүтээлүүдийн хөгжмийг нь ойлговол монгол аялгуу, монгол ахуй соёл бий.

 

Нөгөө талаас монгол эмэгтэйн хүнийг хайрлах сэтгэлийг эдгээр бүтээлээс харах боломжтой. Тухайн хайрыг хөгжмөөр яаж илэрхийлсэн бэ гэдгийг ойлгох боломжтой. Мөн энэ бол нийлмэл урлаг. Тухайн үед ямар хувцас өмсөж, яаж алхаж, биеийн хэлэмж нь ямар байх юм зэрэг бүгдийг нь илтгэнэ. Тиймээс монголд орчин цагийн хөгжмийн театрын үүсэл хөгжлийн тухай ярихдаа “Учиртай гурван толгой” дуурьгүйгээр төсөөлөхийн аргагүй.

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Сахал биш ээ:
Навтгар хамартай, хар бор царайтай хүмүүст наад сахал чинь ер зохихгүй улам сармагчин шиг харагдуулаад бна сахалаа хусаа.
2020-10-02
Ангийн найз чинь:
Төвшөө наад сахал шүү юм чинь найзийг мн ёстой муухай харагдуулж бн. Яаасан их өтлөж бн даа хөө. Цэмбийтэл хусчих хөө. Хэрэг алга. Заааааа
2020-10-02