Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна
2020-10-05

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.05/ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам:

 

-Манай улс жил бүр хоёр удаа дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулдаг. Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоногийг “томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 01-нээс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд эрсдэл бүлгийн хүмүүсийг томуугийн эсрэг вакцинаар вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна. Манай улс томуугийн эсрэг вакцинжуулалтын эртнээс хийж эхэлж байсан. Дархлаажуулалтын тухай хуулинд томуугийн эсрэг вакциныг тархвар судлалын заалтаар сайн дурын  үндсэнд эрсдэл бүлгийнхэнд хийдэг. 2016 оноос хойш дархлаажуулах хүн амын тоо эрс нэмэгдсэн. Энэ жил өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад гурав дахин олон вакцин авч эрсдэл бүлгийнхнийг вакцинжуулж, дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Жил бүр хийж байгаа томуугийн эсрэг вакциныг НҮБ-ийн Хүүхдийн сан болоод холбогдох байгууллагуудаар дамжуулж хийдэг. Тухайн жил хэдэн удаагийн хангалт хийж байгаагаас хамаараад үйлдвэрлэгчид өөр өөр байх боломжтой. Жишээ нь 2016 онд манай улс гурван үйлдвэрлэгчийн вакцин авч байсан бол 2017 онд хоёр өөр төрлийн үйлдвэрлэгчийн вакцин, 2018,2019 онуудад үйлдвэрлэгчид тухайн жилийн ханган нийлүүлэлтээс хамаараад өөрчлөгдөж байсан. 

 

Энэ жил 509500 хүн тун вакциныг хүлээн авсан. Хоёр удаагийн ханган нийлүүлэлтээр хоёр удаагийн вакцин хүлээж авсан. ДЭМБ-аас 2020-2021 онд томуугийн улиралд зөвлөмж болгосон батламж авсан вакцинаар хүн амыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна.

 

509500 хүн тун вакциныг 21 аймаг болоод нийслэлийн есөн дүүрэг, эрсдэл бүлгийн хүн амд хүргэх хүрээнд 20 гаруй байгууллагад нийт 487 мянган хүн тун вакцин хүргэсэн. Дархлаажуулах ажил улсын хэмжээнд эхэлсэн. Томуугийн вакцинд аймгийн төвийн 2-5 насны хүүхдүүд, нийслэлд зургаан сартайгаас есөн насны хүүхдүүдийг харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болоод түр цэгүүд дээр дархлаажуулалтыг хийж байна.

 

Мөн томуугийн хамгийн эрсдэлтэй 65-аас дээш насны хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болоод бусад архаг суурь өвчтэй иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжүүдээр вакцинд хамрагдах боломжтой.

 

Анхаарах зүйл

 

  • Сүүлийн нэг сарын хугацаанд товлолын болон томуугийн вакцинд хамрагдаагүй байх. Бусад насныханд эсрэг заалт байхгүй.
  • Зургаан сартайгаас хоёр насны хүүхдүүдийг хоёр тунгаар дархлаажуулж байгаа. Гурваас дээш насныханд нэг удаагийн тунгаар дархлаажуулж байна.

Томуугийн эсрэг вакцинд хамрагдсанаар томуугийн өвчлөл болоод хүндрэлээс сэргийлэх үр дүнтэй байдаг. Тиймээс та бүхнийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин