Трамп ордондоо эргэн ирэв
2020-10-06

Өнгөрсөн баасан гарагт коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, улмаар цэргийн эмнэлэгт хүргэгдсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эмнэлгээс гарч, Цагаан ордонд эргэн иржээ.

 

"Би Уолтер Ридийн анагаахын төвөөс өнөөдөр 18:30 цагт гарч байна. Биеийн байдал маш сайн байна. "  хэмээн тэрбээр эмнэлгээс гарсан даруйдаа Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Трампын эмчийн өгүүлснээр 72 цагаас илүү хугацаанд Трамп өндөр халуураагүй гэнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд түүний биеийн байдлын талаар зөрүүтэй мэдээлэл гарч байсан ч Трампын биеийн байдал сайн байгаа гэж эмч нь онцолжээ. 

 

"Ковидоос айх хэрэггүй. Түүнийг таны амьдралд ноёлох боломж бүү олго. Трампын захиргааны удирдлаган дор бид гайхалтай эм бэлдмэл боловсруулж, шинэ мэдлэг олж авсан. Миний бие хорин жилийн өмнөхөөс ч  сайн байгаа " гэж Дональд Трамп Твиттер хуудсандаа бичжээ.

 

Түүнийг эмчилсэн эмч нар даваа гаригт сэтгүүлчидтэй ярилцахдаа эмчилгээний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч Ерөнхийлөгчийн бие сайн байгаа, эмнэлгээс гарахын өмнө ремдесивир эмийн дахин нэг тун уусан гэдгийг онцолсон байна.

 

Ням гаригт Трамп эмнэлэгт хэвтэж байх үеэрээ эмнэлгийн гадаа цугласан дэмжигчидтэйгээ мэндчилэхээр эмнэлгээс түр гарч, цуваандаа суун, эмнэлгийг тойрсон. Энэ үйл явдлыг олон хүн шүүмжилж, нууц албаны ажилтнуудыг эрсдэлд оруулсан хэмээн буруутгаж байлаа. Мөн Уолтер Редийн эмнэлгийн эмч ч Трампыг шүүмжилж, "улс төрийн жүжгийн төлөө ажилтнуудынхаа амь насыг эрсдэлд оруулсан" гэж буруутган, түүнтэй хамт явсан бүхий л хүмүүсийг 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах ёстой хэмээн мэдэгдэж байв.

 

Трампын зөвлөх эмэгтэй коронавирусийн халдвар авсны дараа Трамп тэргүүн хатагтайн хамт коронавирусийн шинжилгээ өгөхөд эерэг гарсан бөгөөд үүний араас Дональд Трампын сонгуулийн штабын дарга мөн л COVID-19 халдвартай гэдэг нь батлагдсан юм. Одоогоор эдгээр хүмүүсээс өөр хичнээн хүн Цагаан ордонд вирусийн халдвар авсан нь тодорхойгүй байна.Гэсэн ч эмнэлгээс гарч, Цагаан ордонд ирснийхээ дараа Трамп амны хаалтаа тайлж, хүмүүстэй хамт зураг авахуулжээ. 

 

NBC агентлагийн мэдээлснээр, Трамп эмнэлгээс гарснаар Цагаан ордонд үргэлжлүүлэн эмчлүүлж, ордны эмч нарын хяналтад байх гэнэ. Одоогоор Трампын ойрын хүрээллийн хоёр ажилтан вирусийн шинжилгээ нь эерэг гарсан тул Ерөнхийлөгч байрладаг Ордны баруун жигүүрт хөл хөдөлгөөн татарсан гэж Цагаан ордноос эх сурвалж мэдээлжээ. 

 

Трампын бие муудаж, дэмжигчид нь түүний төлөө залбирал үйлдэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин