С вирусийг нээсэн эрдэмтэд Нобелийн шагналтан болжээ
2020-10-06

Стокгольм хотноо 10 дугаар сарын тавны өдөр Нобелийн долоо хоног эхэлж, улмаар анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрийг тодруулсан юм.

 

Физиологи, анагаах ухааны салбар дахь шинжлэх ухааны ололтын дээд шагналыг С гепатитын вирусийг нээсэн Америкийн вирус судлаачид болох Харви Олтер, Чарльз Райс болон Британийн вирус судлаач Майкл Хаутон нар хүртсэн талаар Нобелийн хороо мэдээлжээ.

 

Өнгөрсөн онд Анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэт Уильям Кейлин, Грегг Семенза болон Британийн эрдэмтэн Питер Рэтклифф нар "эд эсүүд хүчилтөрөгчийн хүртээмжийг хэрхэн мэдэрч, түүнд дасан зохицдог" талаарх судалгаа хийснийхээ төлөө хүртэж байлаа. Харин 2018 онд хавдрын дархлааны эмчилгээ нээсэн Амщрикийн эрдэмтэн Жеймс Эллисон болон Японы эрдэмтэн Тасуку Хонзё нар Нобелийн шагналтнууд болж байв.

 

Энд дуулгахад, физиологи болон анагаахын салбарын шагналыг Стокгольмын Хатан хааны Каролины анагаах- мэс заслын хүрээлэнгээс олгодог. Энэ хүрээлэнгийн Нобелийн чуулган 50 хүний бүрэлдэхүүнтэй байдаг аж. Анагаахын салбарын Нобелийн шагналыг нийтдээ 110 удаа олгож байсан бөгөөд 2019 он хүртэлх хугацаанд нийт 219 хүн энэ шагналыг хүртсэнээс 12 нь эмэгтэй аж.

 

Энэ онд Нобелийн шагналын хэмжээ нэг саяар өсч, 10 сая швед крон /shuud.mn: 2,9 тэрбум төгрөг орчим/болжээ. 2020 оны шагнал гардуулах ёслолын ажиллагаа цар тахлын улмаас хэлбэр нь өөрчлөгдөж, цахимаар болно гэж хэвлэлүүд мэдээлсэн байна.  Нобелийн шагнал гардуулах ёслолыг Стокгольм болон Осло хотноо Альфред Нобелийн таалал төгссөн өдөр буюу 12 дугаар сарын 10-ны өдөр гардуулдаг уламжлалтай. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин