"Ерөнхийлөгчөөсөө одонгоо гардаж авахаар малаа хүнд харуулчхаад ирсэн"

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төв, Говьсүмбэр аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Тухайлбал, Энэ жил Төв аймгаас нийтдээ 421 ээжид, үүнээс 33 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 388 ээжид Хоёрдугаар зэргийн одон хүртэж байгаа. Харин Говьсүмбэр аймгаас нийтдээ 65 ээжид, үүнээс 8 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 57 ээжид Хоёрдугаар зэргийн одонг тус тус хүртээсэн юм. Ингээд  “Эхийн алдар”  одон хүртэж байгаа ээжүүдээс сэтгэгдлийг нь сонслоо. 

 

 

 -“Эхийн алдар” одон хүртэж байгаад баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач.

 

-Намайг Э.Баасанбуян гэдэг. Төв аймгийн Өндөрширээт сумын иргэн. Төрийн тэргүүнээсээ “Эхийн алдарII”-р одон гардаж авч байгаадаа маш их баяртай байна. Миний ханийг н.Отгонбат гэдэг. Бид ханилаад 13 жил болж байна. Манайх дөрвөн хүүхэдтэй. Манай том хүүхэд 12 настай бага нь хоёр настай. Ханьдаа болоод ах дүү нартаа баярлалаа. Сайн сайхныг хүсье. Төрийн тэргүүнээсээ одон гардаж авна гэдгийг дуулаад малаа хүнд харуулчхаад гэр бүлээрээ хотод орж ирсэн. Өнөөдөр “Эхийн алдар" одон хүртэж байгаа бүх  ээжүүддээ баяр хүргэе.

 

 

-Намайг М.Мягмарсүрэн гэдэг. Дундговь аймгийн Луус суманд төрж өссөн. Монгол Улсынхаа төрийн ордонд, төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар II” одонгоо гардаж авна гэдэг маш гайхалтай мэдрэмж. Бидний хувьд маш их хүндлэл байлаа.

 

Миний ханийг Ж.Амартүвшин гэдэг багш мэргэжилтэй. Ханьтайгаа нийлээд 20 жил болсон байна. Манайх гурван охин, нэг хүүтэй. Би 20 насандаа ээж болж байлаа. Залуу насандаа ээж болсон учраас айсан бас баярласан. Миний хажууд үргэлж хамт байж, тусалж байсан ээждээ, ханьдаа баярлалаа.

 

 

-Намайг Б.Мөнхчимэг гэдэг. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн. Өнөөдөр хэзээ ч мартагдахааргүй сайхан өдөр болж байна. Нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Ханьтайгаа нийлээд 13 жил болж байна. Манайх малчин айл. Анх ээж болж байхдаа ээжийгээ маш их ойлгож хайрладаг юм билээ. Одонгоо гардаж авахаар шөнө хотод орж ирлээ.

 

-Сайн байна уу? Б.Мөнхчимэгийн ээж Л.Зөөлөн байна.  Манайх найман хүүхэдтэй айл.Таван охин, гурван хүүтэй. Би хотод ирээд байтал  охин минь  төрийн тэргүүнээс “Эхийн алдар” гардаж авна гэдгийг сонсоод хүрээд ирлээ. Би алдарт эхийн I,II-р одонтой. Миний нэгдүгээр одонгийн охин ““Эхийн алдар" II-р одон авч байна. Сайхан байна. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дээлийнх өнгө сайхан юм аа. Эд нар маань монгол ахуй уламжлалаа хадгалах үйлсийг голлон авч яваа, өвлүүлж яваа сайчууд юм юм даа.
2020-10-06
тэр залуугийн дээлний өнгө бол ванлий ванлий
2020-10-06