COVID-19: ОХУ удахгүй бүртгэх хоёр дахь вакциныхаа үнийг зарлав
2020-10-07

 

Оросын Холбооны монополийн эсрэг алба тус улсад үйлдвэрлэсэн коронавирусийн хоёр дахь  вакцины үнийн талаар мэдээлэл өгчээ. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, коронавирусийн вакцины нэг тун нь 1000 рублиэс /shuud.mn: 33,4 мянган төгрөг/ хэтрэхгүй бөгөөд цаашлаад үнэ нь буурна гэж Холбооны монополийн эсрэг албаны тэргүүн Игорь Артемьев мэдэгдсэн байна. 

 

"Нэг тун нь 1000 орчим рубль гэдэг нь өндөр үнэ гэдгийг бид ойлгож байна. Гэхдээ вакциныг бага хэмжээгээр гаргаж байгаа мөн үйлдвэрлэлийг өргөжүүлэхийн тулд вакцин үйлдвэрлэгчдэд хөрөнгө хэрэгтэй. Тиймээс бид вакцины өөрийн өртгөөр энэ үнийг багцаалж байна. Учир нь үнийг харьцуулан гаргачихаар өөр энэ төрлийн вакцин байхгүй" хэмээн Артемьев өгүүлжээ.

 

Түүнчлэн тарифыг эцэслэн тогтоогоогүй, гэхдээ 1000 рублиэс бага байна гэдгийг онцолсон байна. "Цаашлаад бусад орнуудад вакцин гарч, жишиг үнэ тогтвол вакцины үнэ буурна" хэмээн тэрбээр мэдэгджээ. 

 

Холбооны монополийн эсрэг албанаас хийсэн үнийн тухай мэдээлэл нь Оросын коронавирусийн хоёр дахь вакцинд хамааралтай юм. ОХУ Н.Ф.Гамалеягийн нэрэмжит тахал судлал, бичил биологийн  төвд боловсруулсан вакциныг наймдугаар сард албан ёсоор бүртгэсэн. Харин хоёр дахь вакциныг "Вектор" төв боловсруулж байгаа юм. ОХУ-ын "Вектор" төв вакциныг сайн дурынхан дээр турших зөвшөөрлийг долдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас авч байлаа. Туршилтад орсон анхны оролцогчид долдугаар сарын 27-ны өдөр вакцин хийсэн юм. Клиникийн судалгаанд оролцсон, 20 сайн дурын хүнээс бүрдэх сүүлйин бүлэг есдүгээр сарын наймны өдөр эмнэлгээс гарчээ. Мөн есдүгээр сарын 30-ны өдөр вакцины туршилт дууссан бөгөөд 10 дугаар сарын 15-ны өдөр вакциныг бүртгэх ажиллагааг дуусгахаар төлөвлөж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин