"Спутник V" вакцин бүтээгчдийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх санал гаргажээ
2020-10-08

Шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх дэлхийн анхны вакцин "Спутник V" вакцин бүтээсэн ОХУ-ын Гамалеягийн нэрэмжит Үндэсний тахал судлал, бичил биологийн хүрээлэнгийн эрдэмтдийг 2021 оны Нобелийн шагналд нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар Оросын Төрийн думын эрүүл мэндийн хороо мэдэгдсэнийг "Комсомольская правда" мэдээллээ. 

 

Хамгийн сүүлд 100 гаруй жилийн өмнө испани ханиадны тахлын үеийнхтэй адил аюул заналтай тэмцэхэд бүхий л хүн төрөлхтний сайн сайхны төлөө эрдэмтэд вакцин гаргасан гэж тус хорооны орлогч дарга Леонид Огуль цохон тэмдэглэжээ. "Энэхүү ололтыг манай Оросын эрдэмтэд гаргасанд би ихээхэн баяртай байна. Тэдний хөдөлмөрийг дэлхий дахин үнэлэх ёстой гэж бодож байгаа юм" хэмээн Огуль мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, наймдугаар сарын 11-ний өдөр ОХУ коронавирусийн вакцины түр бүртгэлийг баталгаажуулсан юм. Коронавирусийн халдвараас сэргийлэх дэлхийн анхны вакцин болсон энэ бэлдмэлийг "Спутник V" хэмээн нэрлэсан байна. Оросын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит тахал судлал, бичил биологийн  төвд боловсруулсан вакциныг 1957 онд ЗХУ хөөргөсөн дэлхийн анхны хиймэл дагуулын нэрээр нэрлэжээ. Ийнхүү анхны хиймэл дагуул хөөргөсөн өдрийг хүн төрөлхтний сансрын эрин үеийн эхлэл гэж нэрлэдэг юм. Тиймдээ ч энэ үйл явдалтай жишин, дэлхий дахиныг түүчээлж байгаа гэсэн утгаар ийнхүү "Спутник" гэж нэрлэжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин