Киргизийн үймээн: Ерөнхийлөгч Жээнбеков огцроход бэлэн
2020-10-09

Киргизийн Парламентын сонгуулийн дүнгээс үүдэлтэй эсэргүүцэл, эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна. Сонгуулиар суудал авч чадаагүй сөрөг хүчний намууд эвсэн, хоёр ч Хяналтын зөвлөл байгуулсан бөгөөд өдгөө эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, Ерөнхийлөгчийн импичмент буюу үүрэгт ажлынх нь хугацаа дуусахаас өмнө бүрэн эрхийг нь дуусгавар болгох асуудал ч хэлэлцэгдэж эхэлсэн юм. 

 

Харин Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков өөрөө албан тушаалаасаа огцроход бэлэн байгаагаа мэдэгджээ. Тодруулбал Киргиз улс эрхзүйн гольдрилдоо эргэн ормогц Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцроход бэлэн гэж албан ёсны мэдэгдэлдээ онцолжээ. Түүнчлэн шинэ засгийн газрын томилгоог хууль ёсны болгохын тулд өнөөгийн танхимыг огцруулах зарлигт гарын үсэг зурахад бэлэн байгаагийн дээр үүнтэй холбоотойгоор Парламентын тогтоолыг хүлээж байна хэмээн Сооронбай Жээнбеков мэдэгджээ.

 

Мөн Киргизийн Сонгуулийн төв хороо шинээр парламентын сонгуулийг товлох ёстой бөгөөд энэ нь өнөөгийн улс төрийн хямралыг бууруулна гэж Ерөнхийлөгч Жээнбеков үзэж байгаа аж.

Шударга сонгуулийн төлөөх тэмцэл үү, эсвэл...

Эргэн сануулахад, 10 дугаар сарын тавны өдөр Парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн улс төрийн намууд жагсаал зохион байгуулснаас үүдэлтэйгээр Киргизийн нийслэл Бишкек хотод эсэргүүцлийн хөдөлгөөн даамжирсан юм. Эсэргүүцлийн ажиллагаа тун удалгүй эмх замбараагүй байдал болон даамжирч, эсэргүүцэгчид Парламент, Засгийн газрын ордон, Ерөнхийлөгчийн захиргааны байр, Ерөнхий прокурорын газар болон нийслэлийн захиргааны байрыг эзлэн авсан. Түүнчлэн хорих газар руу дайран орч, тэнд хоригдож байсан ерөнхийлөгч асан Атамбаевыг суллаж байв. 

 

Улмаар бүхий л түвшний төрийн албан тушаалыг булаан авч, олон байгууллага, орд газар болон бизнесийн объектууд үл мэдэгдэх этгээдүүдийн хяналтанд орсон талаар ТАСС агентлаг мэдээлж байлаа. Үнэн хэрэгтээ шударга сонгуулийн төлөө ч биш эрх мэдэл булаацалдсан бүлэглэлүүдийн тэмцэл энэ улсад хэдэнтээ хувьсгал гарах нөхцлийг бүрдүүлж байлаа. Сүүлийн 20 жилийн хугацаанд хоёронтоо хувьсгалыг даван гарсан Киргиз улс өнөөдөр дахин улс төрийн хямралд орсон нь гагцхүү эрх мэдлийн төлөөх улайрал гэдгийг улс төр судлаачид ч онцолж байгаа юм. 

Киргизийн үймээн: 20 жилд хоёр хувьсгал туулсан Киргиз


"Өнөөгийн нөхцөл байдал өөрт нь ашигтай байгаа хүмүүс энэ байдлыг ард түмний бослого гэж нэрлэж байгаа бол өөрт нь ашиггүй тал нь бүх зүйлийг үгүйсгэж байна. Харин яг үнэнлдээ ЗХУ задран унаснаас хойш туурга тусгаар улс болсон хүмүүсийн толгойд төр улсын сэтгэлгээ огт алга. Нийт үндэстний гол асуудал гэж байхгүй, үндэсний ашиг сонирхлыг мэдрэх мэдрэмж ч үгүй. "Би", "минийх", "миний лидер", "миний овог", "миний давхарга" гэсэн ойлголтууд л байдаг. Өнөөдөр хэн нэгэн төрийн эрхэнд гарч надаас бизнесийг булаалаа, өнөөдөр би түүнийг шоронд суулгалаа гэхэд маргааш тэр намайг суулгана. Ийм л байдалтай" хэмээн Оросын улс төр судлаач Сергей Михеев Киргизийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж байв.

 

Түүний үзэж байгаагаар киргизүүд төрт улсаа алдахуйц үйлдэл хийж байгаа гэнэ. 

 

"Энэ бүхэн Киргизийг хоёр улс болон задран унах нөхцөл рүү хөтөлж байна. Хойд Киргиз Казахстаны нөлөөнд орох магадлал маш өндөр. Харин өмнөд хэсэг хойд бүсээ алдвал энд Узбекийн нөлөө ихэснэ" хэмээн Сергей Михеев үзжээ.

 

Энэ бүхний дүнд Киргиз хянах боломжгүй хар нүх болон хувирч, улмаар энэ нь бүхий л бүс нутаг, Хятад, Орост ч нөлөөлж болзошгүйг тэрбээр анхааруулсан байна. "Энэ бүхэнд Америкчууд их л баярлана, учирна эдгээр бүх үйл явдалд Америкийн төрийн бус байгууллагууд оролцоотой байгаа нь санаандгүй хэрэг биш" хэмээн Сергей Михеев мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хувиараа бизнес, үйлдвэрлэл эрхэлж чаддаггүй тул төрийн албанд орж амьдрах гэсэн хулигаанууд Киргизийг үймүүлж байна.
2020-10-10
Degi:
Saihan Medeelel boljee. Gehdee учирна gej bichdeggui baihaa
2020-10-09