ЕБС-иуд зориулалтын бус цайны газартай байна
2020-10-09

 

НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас ЕБС-ийн сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

 

 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

 

-Нийслэлийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 138 сургууль, төрийн бус өмчийн 99 сургууль, нийтдээ 275 сургуульд 1-5-р 170 мянган орчим сурагчид “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байгаа. НМХГ-аас 275 сургуулийн “үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьсан. Одоогийн байдлаар 237 сургуулийг хяналт шалгалтад хамруулаад ажиллаж байна.

 

Шалгалтаар  450 арчдас, уснаас 75 сорьц, хүнсний бүтээгдэхүүнээс  30 дээж  авч шинжилсэн. Хяналт шалгалтын явцад зөрчилтэй байсан 35 иргэн ААН-д 15,5  сая төгрөгийн торгууль ногдуулж ажилласан. Хяналт шалгалтын явцад зарим зөрчил дутагдал арилахгүй байна. 2021 оноос үдийн цай нь үдийн хоол болж хэрэгжинэ.

 

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 74 буюу 53,6 хувь нь зориулалтын, 59 буюу 42,7 хувь нь зориулалтын бус цайны газартай байна. Төрийн бус өмчийн 117 сургууль байгаа. Төрийн бус өмчийн 23,3 хувь нь зориулалтын байртай, 62 хувь нь зориулалтын бус байртай байна.

 

Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүний хуулиар тухайн хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулсны дараа үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Гэтэл хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй газрууд байна. Хяналт шалгалтад хамрагдсан нийт цайны газруудын 28,2 хувь нь мэргэжлийн хяналтын байгууллагад урьдчилсан хяналт шалгалт хийлгүүлж дүгнэлт гаргуулах ёстой байдаг.

 

Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой байдаг. Гэтэл шаардлага хангахгүй газрууд байна. Нийт шалгалтад хамрагдсан газруудын   37,9 хувь нь зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байна.

 

Нийт сургуулиудын 31,6 хувь нь хүнс хадгалах нөхцөл хангалтгүй, хүнсний агуулахгүй, хөргүүр дутагдалтай байна.

 

Түүхий эд хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний бичиг бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй зөрчил шалгалтад хамрагдсан сургуулийн 21,9 хувьд нь илэрчээ.

 

Сургууль бүр дээр хяналтын зөвлөл гэж байдаг. Тухайн хяналтын зөвлөл нь Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хяналт тавих чухал үүрэг гүйцэтгэдэг. Хяналтын зөвлөл  хангалтгүй ажиллаж байна.

 

 

НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын хэлтсийн  улсын ахлах байцаагч Б.Хонгор:

 

-Нийслэлийн хэмжээнд "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 33 хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийсэн. Төрийн өмчийн 24, төрийн бус өмчийн 9 сургууль хамрагджээ.

 

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохин байгуулсан байх  шаардлагатай байдаг. Шалгалтын явцад энэ шаардлагыг хангаагүй 21 хувь  нь байсан.

 

Хүнсний хүргэлт, хуурай бүтээгдэхүүн, хүнсний сав баглаа боодол гэх мэт төрөлжсөн агуулгатай байхыг шаарддаг. Энэ шаардлагыг  36 хувь нь хангаагүй байна.

 

Мөн хоолны жор,технологын картыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилласан байх шаардлагатай. Энэ шаардлагыг 25 хувь нь хангаагүй байна.

 

ЕБС-ийн орчинд худалдаалахыг хориглосон, хоол үйлдвэрлэлд хэрэглэхийг  хориглосон хүнсний түүхий эд бүтээгдэхүүний жагсаалт байдаг. Шалгалтаар  энэ бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байсан зөрчил зургаан газар илэрсэн. Мөн хүүхдүүдэд хоол олгохдоо хөрсөн хоол  өгч байгаа зөрчил илэрсэн  26 газар  байна.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин