Зорилтот бүлгийн 10 мянга айлд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгоно
2020-10-12

А.Жүгдэрмаа: Өглөө хөнжлөөсөө сугарах гэж үгээ хэлдэг байсан

 

2018 онд Монгол Улсын Засгийн газраас 62 дугаар тогтоолыг гарснаар сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх болсон. Тогтоолын дагуу агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах төлөвлөгөө гаргасан юм. Үүний хэрэгжилтийг өнгөрсөн өвлийн агаарын бохирдол тэр дундаа нүдэнд торж, хоолой зурах утаа, ханиад томуу багассанаас иргэд сайжруулсан шахмал түншийн сайн үр нөлөөг мэдрээд буй. Агаарын бохирдлыг нарийн хэмжигчээр хэмжихэд өнгөрсөн жилийн мөн үеэс 30 хувь буурсан үзүүлэлтийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас хэмжилтийг хийн мэдээлсэн.

 

Агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах төлөвлөгөө өнгөрсөн жил 50 хувьд хүртэл буурчээ гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Таван толгой түлш” ХХК-ийн хамт олонтой уулзах уулзалтдаа онцолж байсан юм.


Намрын адаг сар гарч, цас хаялсан учир гэр хорооллын айлууд шөнө өдөргүй галлах болсон. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэн А.Жүгдэрмаа хэлэхдээ:

 

“Өнгөрсөн сарын сүүл үеэ бодоход сайжруулсан шахмал түлш олдоцтой байна. Тэр үеэр цочир хүйтрэхэд түлш олдоггүй, өглөө хөнжлөөсөө сугарах гэж үгээ хэлдэг байсан юм. Нэг айлд долоо хоногт зургаан шуудай түлш авах хязгаартай. Энэ нь хүрэлцдэггүй нь үнэн. Гэхдээ төр засаг, “Таван толгой түлш” компанийнхан чадах чинээгээрээ ажиллаж байгааг мэдээгээр харсан. Ийм байхад бидний нэг өдөр галгүй байх нь асуудал биш. Тэр өдрөө аргалаад мод түлчихвэл болох л асуудал шүү дээ. Хүмүүс түлш чинь хүрэлцэхгүй байна гэж жигтэйхэн давшдаг. Тэгж хэлдэг хүмүүст тухайн өдрөө аргалаад мод түл гэж хэлмээр байдаг. Төр, засаг яаралтай арга авч Зүүн бүсийн түлшний үйлдвэр босгож, боломжтой болсон цагт нэг өрхөд ногдох түлшний хэмжээг нэмж, хангалуун сайхан өвөлжүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

 

Одоогийн байдлаар 70 мянган тонн түлшийг нөөцөлсөн

 

Үүнтэй холбогдуулах мэдээллийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын агаарын чанар хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал хэлэхдээ:

 

-Сайжруулсан шахмал түлш борлуулалтын хэчнээн цэг ажиллаж байна вэ?

 

-Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар болон “Таван толгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг дундын баазуудад тээвэрлэж байна. Нийтдээ 23 аж ахуйн нэгж байгууллага сайжруулсан түлшийг үйлдвэрээс болон борлуулалтын цэг хангамжийн баазууд руу тээвэрлэлтийг хийдэг юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Засаг даргын  захирамжийн дагуу төвийн зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлш нөөцлөх ажлыг үүрэг болгосон. Ажлын биелэлтээр 70 орчим мянган тонн нүүрсийг төвийн зургаан дүүргийн хэрэглээнд нөөцөллөө. Одоогийн байдлаар 100 орчим цэгүүдэд борлуулж байгаа юм. Борлуулалтын цэгүүд 2020-2021 оны өвөл 800-1000 орчим цэг ажиллах төлөвлөгөөтэй.

 

-Зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг тараах ажлын талаар мэдээлэхгүй юу?

 

-Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн халамжийн газар, Таван толгой түлш компаниуд хамтран зорилтот бүлгийн айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгох ажлыг зохиож байна.  Нийтдээ зорилтот бүлгийн 10 мянга орчим айлд сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй олгоно. Энэ ажлыг дүүргүүдийн халамжийн хэлтэс Нийслэлийн халамжийн газруудтай хамтран зохиож байгаа.


-Өнгөрсөн жил түлш хомстож, тасалдах тохиолдол гарсан. Энэ жил хэчнээн тонн түлшийг нөөцөлж байгаа вэ?


-Одоогийн байдлаар 70 мянган тонн түлшийг нөөцөлсөн. Агуулах байргүй учраас түрээсийн агуулахад хадгалдаг. Агуулах газартай бол үүнээс илүүг нөөцлөх боломжтой. Өнгөрсөн жил 50 мянга орчим тонн шахмал түлшийг нөөцөлсөн. Бидний өвлийн бэлтгэл буюу түлш нөөцлөх ажил үргэлжилсээр байгаа.


-Нэг айлд долоо хоногт 6 шуудай түлш авах хэмжээг заасан. Энэ хэмжээг нэмэх үү?


-Тодорхой шийдвэр гараагүй. Одоогоор нэг өрх зургаан шуудай түлшээ картаараа авна. Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орж түлшний гарц нэмэгдвэл нэг өрхөд ногдох түлшний хэмжээ тодорхой хэмжээгээр нэмнэ.

 

Нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрх айл өдөрт 3000 тонн түлш хэрэглэнэ гэсэн тооцоо судалгаа байдаг. Тэгэхээр дээрх нөөцлөөд буй 70 мянган тонн түлш нь нийслэл хотын 220 мянган хэрэглэгчийн 24 өдрийн хэрэгцээ болж байна. Нөөц дэх түлшний хэмжээ нэмэгдэнэ. 

 

Айлууд түлшээ ихэвчлэн оройн цагаар авдаг

 

Түгээлт хийж түлш хүргэлт нэмэгдсэн талаар Хан-Уул дүүргийн сайжруулсан шахмал түлш борлуулах 22-р хорооны цэгээс мэдээлэл авлаа.

 

-Танайх долоо хоногт хэчнээн тонн түлш захиалан авч байна вэ?

 

-Манайх долоо хоногт 20 тонн түлш авдаг.

 

-Түлшээ хэдээс хэдэн цагийн хооронд борлуулдаг вэ?

 

-Түлшээ өглөө 9 цагаас оройн 22 цаг хүртэл борлуулдаг юм. Энэ хавийн айлууд түлшээ ихэвчлэн оройн цагаар авдаг.

 

-Түлшээ захиалахдаа хэзээ нь захиалгаа өгдөг вэ?

 

-Энэ жилээс түлш захиалахдаа нэг өдрийн өмнө захиалгаа өгдөг болсон. Тийм болохоор түлш дуусах дөхөөд ирэхээр өмнөх өдөр нь захиалчихвал маргааш нь түгээлтийн том  тэрэг түлш авч ирэн буулгадаг гэлээ.

 

Э.Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин
Zoriltot bish zorilgogui buleg yum bishu
2020-10-12
Сонгуулийн шантааж уу:
Нүүрс өгнө. Татвар төлөгчийн мөнгөөр хахууль нүүрс өгнө
2020-10-12